УИХ-ын чуулганы 2025/06/25ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “ Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд” /Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 120 минут/-ийг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
МУ-ын Ерөнхий сайд Г.Занданшатарт баярлаж байна. Анх Улсын Их Хурлын чуулганд орж ирж Ерөнхий сайдаар томилогдохдоо үнэн байя гэж хэлж байсан.Авлига, албан тушаал, ашиг сонирхлын зөрчилтэй сайд нарыг шууд чөлөөлнө гэж хэлсэнд баярлаж байгаа. Яагаад Засгийн газрын бүрэлдэхүүнтэй холбоотой асуудал засгийн газар солигдох болгонд хөндөгдөөд байдаг вэ гэхээр авлига, албан тушаал, эрх ашигтай холбоотой асуудлаас үүдэлтэй. Би Монгол Улсын Засгийн газрыг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлсэн. 2024 оны 09сарын 09ний өдөр Монгол Улсын боловсролын сайдын сургуулийн менежментийг сайжруулахад үзүүлэх тухай тушаал гарсан. 1,2 тэрбум төгрөгийг болохгүй гэдгийг УИХ хөндсөн. Үүний дагуу болохгүй гэдгээр нь ашиг сонирхлын асуудал Боловсролын сайд П.Наранбаяр хөндсөн. 120 сургуульд 10, 10 саяаар нь хуваарилж өгөөд шилжүүлсэн. Эргээд сургуулийн судалгаа хөгжлийн шинэ монгол төв НҮТББ-ын 120 сургууль руу 10, 10 саяаар нь буцаагаад шилжүүлж авсан. Бүх материалууд энд байна. Энэ бол ашиг, сонирхлын зөрчил. Бид нар Боловсролын сайд П.Наранбаярыг зөвхөн энэ үйлдлийнх нь төлөө огцрох ёстой гэж үзэж байгаа. Ерөнхий сайд Г.Занданшатарт нэр бүхий хэдэн гишүүд Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах бичгийг удахгүй хүргүүлнэ. УИХ-ын танхимд хэлсэн үнэн байя. Хэрвээ манай сайд нар авлига, албан тушаалтай холбогдвол шууд чөлөөлнө гэсэн. Энэ үгэндээ үнэн байгаарай гэдгийг албан ёсоор хэлье.