
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ
УИХ-ын чуулганы /2025.06.19/-ны өдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Б.Түвшин хуулийн төслийг танилцууллаа.
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин нарын 41 гишүүн энэ оны тавдугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлийг Байнгын хороны хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин хийлээ. Хууль санаачлагчид хуулийн төслийг хүн, хуулийн этгээдийн ажил, бизнес, үйл ажиллагаа чөлөөтэй эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, ачааллыг бууруулах, ашиг орлого, өрсөлдөх чадвар, ажлын байр нэмэгдүүлэх, цаашлаад далд эдийн засгийг ил болгож, чөлөөт зах зээлийн харилцааг тэлж, татвар, нийгмийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлагыг харгалзан боловсруулжээ.
Хуулийн төсөлд, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээний орлогыг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогоос хасах, эдгээр гэрээний үндсэн дээр хүнийг ажиллуулж, цалин хөлс олгосон тохиолдолд тухайн хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоор нөхөн төлүүлэх, мөн хоол, унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, түлээ, нүүрсний мөнгийг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогоос хасахаар заасан байна. Түүнчлэн ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг ажилтны нэгэн адилаар тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээгээр тогтоохоор тусгажээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан бодлогын өөрчлөлтийн нөлөөллийг зардал, үр өгөөжийн шинжилгээ буюу Cost Benefit Analysis-ний аргаар тооцож үзсэн талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин танилцуулж, зардлын бага, дундаж, өндөр хувилбар бүхий нөхцөлөөр тооцоход бүх хувилбарууд эерэг үр өгөөжтэй гарсныг онцолсон юм. Хуулийн төсөл батлагдаж, бодлогын өөрчлөлт гарсны нөлөөллийн үр дүнг өнөөгийн үнэ цэнээр тооцоход дунджаар 254.0 тэрбум төгрөгийн цэвэр үр өгөөжтэй байхаар гарсан байна. Мөн 2025-2027 онд ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээний орлогыг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хассанаар 1508, хоол, унаа, түлээ, нүүрс, орон сууцны ашиглалтын зардлыг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хассанаар 2479, ажил олгогчийн хариуцан төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээнд дээд хязгаар тогтоосноор 14371, нийт 18358 ажлын байр нэмэгдэнэ гэж тооцжээ.
Шинээр бий болох ажлын байрны өсөлтөөр нийгмийн даатгалын шимтгэлийн болон татварын орлого 2025-2027 онд дунджаар 242.1 тэрбум төгрөгөөр өсөх юм. Түүнчлэн макро эдийн засагт үзүүлэх нөлөөллийг SVAR буюу Structural Vector Autoregre загвараар тооцоход ДНБ эхний жилд 973 тэрбум, хоёр дахь жилд 820 тэрбум, гурав дахь жилд 695 тэрбум төгрөг, нийт 2.5 их наяд төгрөгөөр нэмэгдэхээр байгааг тэрбээр дурдав.
Хуулийн төсөл батлагдсанаар хүн, хуулийн этгээдийн бизнес эрхлэх таатай орчин бүрдэж, эдийн засаг, хууль зүйн дарамт, эрсдэл буурч, тэдгээрийн ашиг орлого, үйл ажиллагааны төрөл нэмэгдэх, ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлийн ачаалал буурч ажилтнуудынхаа цалин хөлсийг нэмэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хөнгөвчлөх боломж нэмэгдэх, ажилтны ашиг орлого, худалдан авах чадвар сайжирч, хэрэглээ өсөх, ажлын байр нэмэгдэж, хөдөлмөр эрхлэлтийн түвшин өсөж, ажилгүйдэл буурах, бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадвар нэмэгдэх, улсын эдийн засгийн эргэлт сайжрах, юмны үнэ буурах зэрэг нийгэм, эдийн засгийн болон хууль хоорондын зөрчил арилах зэрэг эрх зүйн эерэг нөлөөтэйг Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин тэмдэглэв. Эдгээрийн нөлөөгөөр Монгол Улсын эдийн засаг сэргэн тэлж, далд эдийн засаг ил болж, татварын суурь өргөжиж, нийгмийн даатгалын сангийн орлого нэмэгдэх юм.
УИХ-ын гишүүн Ц.Баатархүү байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа.
ШИНЭ МЭДЭЭ



