МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

О.Батнайрамдал: Шинэ Засгийн газрын анхаарлаа хандуулах ёстой №1 асуудал  Оюутолгой, "Онтрэ"
2025.06.05
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

О.Батнайрамдал: Шинэ Засгийн газрын анхаарлаа хандуулах ёстой №1 асуудал Оюутолгой, "Онтрэ"

Оюу толгойн нийт орд таван лицензтэй, үүний хоёрыг нь буюу нөөцийн бараг 30 орчим хувийг  “Онтрэ” ХХК  2004 оноос хойш эзэмшиж ирсэн.  Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Онтрэ” ХХК нь 2025 оны хоёрдугаар сард “Оюу толгой” ХХК-тай 76 хуудас бүхий гэрээ байгуулсан ч Монголын оролцоо огт тусаагүй. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга хүргүүлсэн. Мөн УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд энэ асуудлаар Түр хороо байгуулж ажлын хэсгийн ахлаад ажиллах хүсэлт хүргүүлсэн юм. Тэрээр /2025.06.05/-ны өдөр  "Онтрэ" ХХК-тай холбоотой АСУУДАЛ БА ШИЙДЭЛ хэлэлцүүлгийг сэтгүүлчдэд зохион байгуулсан. Энэ үеэр Шинэ Засгийн газрын НЭГДҮГЭЭРТ хийх ажил бол   “Онтре”-тэй холбоотой асуудал гэдгийг  онцоллоо.

Оюутолгойн бүлэг ордын нийт нөөцийн зэсийн 24 хувь, алтны 42 хувь, мөнгөний 29 хувь, молибдений 94 хувь нь “Онтрэ”-н тусгай зөвшөөрлийн талбайд хамаардаг: Иймд“Онтре” ХХК-тай тусдаа хөрөнгө оруулалтын гэрээ, хэлэлцээр байгуулах үндэслэл, боломж байна уу?

“Онтрэ” ХХК Оюутолгойтой яг адилхан тусгай зөвшөөрөл эзэмшигч. Тэгэхээр Монгол Улсын Засгийн газар стратегийн орд дээрх тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй Ашигт малтмалын тухай хуулийн 5.3, 5.4, 5.5-ын Үндсэн хуулийн 6.2, Ашигт малтмалын хуулийн 8-ын 1.7-оор хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ёстой.

Хөрөнгө оруулалт гэрээ байгуулсны дараа тэр компани хэнтэй ашгаа хувааж, хэнээр ажлаа хийлгэх нь  тэдний асуудал. Миний хүсээд буй зүйл нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулиар мөн Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу “Монгол Улсын эрх ашгийг хангаач” гэдэг асуудал тавьж байгаа юм. Тийм учраас Оюутолгойтой адил Хөрөнгө оруулалтын гэрээг Онтрэ компани байгуулах учиртай.  

Энэ асуудлыг шийдэх дараагийн гарц нь юу байна вэ?

Эсвэл 2009 оны Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээндээ хамааруулж, энэ гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулъя гэж байгаа юм. -Хэрэв “Онтрэ” ХХК-ийн хоёр лицензийг 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээ рүү чирч авчрах юм бол энэ гэрээний 15.5 гэсэн заалтад “...хэрвээ Оюу толгой шууд ба шууд бусаар геологийн тогтцын хүрээнд хамаарал бүхий ордтой лицензийг энэхүү гэрээнд хамааруулахаар шилжүүлэх юм бол энэхүү хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийднэ” гэж тодорхой тусгасан байгаа.  Онтрэгийн талбайг хэзээ нэгэн цагт авъя гэх юм бол энэ заалтыг ашиглахаар  оруулсан байх. Энэ бол Монголд ашигтай заал, тухайн үедээ хэзээ ч ашиглагдаагүй ийм заалт. 

Цаг үеийн хувьд шинэ Засгийн газар байгуулагдах гэж байна. Мөн Рио Тинтогийн шинэ гүйцэтгэх захирал ч томилогдох нь. Энэ асуудлыг шинэ түвшинд гаргах хэрэгтэй.Үүнийг шаардаж ажиллана.

Таныхаар манай улсад  энэ 2 хувилбарын аль нь ашигтай гэж харж байна? 

Миний хувьд  Бүрхэг олон асуудлыг нэг мөсөн шийдээд, харилцан ашигтай гэрээ байгуулах ёстой. Ингэж чадвал хэний ч Засгийн газар байгуулагдсан энэ асуудал дахин үүсэхгүй. Хэтэрхий нэг талаа мөлжсөн, энэ гэрээний асуудал үргэлжлэх юм бол ард түмний бухимдал дуусахгүй, асуудлууд шийдэгдэхгүй.  Тиймээс энэ гэрээг харилцан ашигтай болгочихъё л гэж байгаа юм. 

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

2009 оны хөрөнгө оруулалтын гэрээн дээр нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжинэ.

УИХ-дээр үүнийг шийдэх гарц, шийдэл  байна уу? 

УИХ-аас “Онтрэ” компани ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах газрын хэвлийн баялгийг ашиглахдаа Монгол Улсын эрх ашгийг хангуулах хүрээнд Засгийн газарт үндсэн чиглэл удирдамж өгч, УИХ-ын тогтоол гаргаж өгч болно. Эсвэл УИХ дээр  Хяналтын түр хороо байгуулж болох юм. Тухайлбал, 2021 онд Ц.Даваасүрэн гишүүнээр ахлуулсан Хяналтын түр хороо байгуулагдаад УИХ-ын 103 дугаар тогтоол баталснаар  2,3 тэрбум долларыг тэглэж байсан түүхтэй. Үүнтэй адилхан түр хороо байгуулах цаг нь болсон байж магадгүй. Одоо бидэнд цаг хугацаа байхгүй, 2025 оныг алдах юм бол дахиад 7 жил алдагдсан боломж ярих гээд байна. Яагаад гэвэл зээлийн хүү өөрчлөх ганцхан боломж нь 6 сарын хугацаа л байна. Нөгөө талаас яаж, ийж байгаад хүүгээ өөрчлөхгүй л бодно. 

Монголын талаас бид нар идэвхтэй ажиллаж, хэлэлцээрийн ширээн дээр өөрсдийнхөө саналыг тавих ёстой. 

Миний хувьд Эдийн засгийн байнгын хороон дээр Онтрегийн асуудлаар ажлын хэсэг ахлаад, ажиллах хүсэлтээ өгчихсөн, хүлээж байна.  Шинэ байгуулагдах Засгийн газрын номер нэг асуудал  нь Оюутолгойруу анхаарлаа хандуулах ёстой. Оюутолгой шинэ удирдлагатай болно гэдэг нь шинэ боломж байхыг үгүйсгэхгүй.  Шинэ гүйцэтгэх захирал нь Оюутолгой дээрх энэ асуудлыг нэг мөсөн цэгцлээд урагшилъя гэдэг итгэл үнэмшилтэй байгаасай.

"Онтрэ"ХХК-тай холбоотой АСУУДАЛ БА ШИЙДЭЛ хэлэлцүүлгийг сэтгүүлчдэд зохион байгууллаа.

Шинэ Ерөнхий сайд ч энэ цаг хугацаа тулсан асуудлыг шийдэх л хэрэгтэй. Дубайн гэрээг Засгийн газрын зүгээс цуцалчихсан гэж яриад байдаг, гэхдээ Оюутолгой талд энэ гэрээ бараг хүчин төгөлдөр юм шиг үйлчлээд яваад байгаа. Энэ нь  өөрөө асуудал. Үнэхээр Дубайн гэрээ цуцлагдсан бол яг тэр чигээрээ цуцлагдах ёстой. Түүнчлэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 30 жилийн хугацаатай байгуулсан. Үүнээс хойш 16 жил өнгөрсөн ч гэрээнд өөрчлөлт ороогүй. Одоо үүнд дүгнэлт хийх цаг нь болсон. Цаг хугацаа алдаж болохгүй учраас энэ бүхнийг гаргаж ирж байна. 

ШИНЭ МЭДЭЭ