Нийслэлийн зам гүүрийн ажлууд урагштай байна
2025.06.05
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Нийслэлийн зам гүүрийн ажлууд урагштай байна

Улаанбаатар хотын түгжрэл бол хотын даргын төдийгүй нийслэлчүүдийн ганц толгойны өвчин гэдэг нь ойлгомжтой. Тэгэхээр хотын дарга Х.Нямбаатар Засгийн газраас гаргасан бодлого, түүнтэй уялдах нийслэлийн түгжрэлийн асуудлыг цэгцлэх зорилгоор 2025 онд 10 байршилд шинээр авто зам барих бол 41 байршилд авто замыг шинэчлэхээр төлөвлөж, ажлаа эхлүүлээд байна. Үүнээс томоохон нь Туулын хурдны зам болон Тойрог зам юм.

Туулын хурдын зам нь нийтдээ 33 километр урт, зургаан эгнээтэй, гэрэл дохиогүй тууш зам байх юм. Энэ замын 13 километр нь гүүрэн байгууламжаар явна. Нэг ёсондоо хотын урд хэсгийн гүүрнүүд дээгүүр давсан гүүрэн байгууламжууд шинээр хийгдэнэ гэсэн үг. Ингэхдээ одоо байгаа гүүрний хөдөлгөөний зогсоохгүйгээр бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн байна.

Тэгвэл хотын нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ боловсруулах ажил дуусжээ. Нийт 25.7 километр бөгөөд мөн зорчих хэсгийн зургаан эгнээтэй байх юм. Энэ тойрог замын эхлэл Наадамчдын замаас “Өнөр хороолол”, Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь-Эх, Монель, Чулуун овоо гэсэн чиглэлээр явж, Туулын хурдны замтай холбогдох юм.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Туулын хурдны зам түгжрэлийг 15 хувь, нэгдүгээр тойрог зам 40 гаруй хувиар бууруулна. Эдгээр замуудыг ашиглалтад оруулснаар замын түгжрэл 50 гаруй хувиар буурах тооцоолол гаргаад байна. Өөрөөр хэлбэл, хотын өмнөд хэсгээр баруунаас зүүн тийш хотын төвөөр дайрахгүй шууд өнгөрөх боломжтой. Одоо бол зорчигчид нийслэлээр орох шаардлага байхгүй ч заавал дамжин өнгөрч байгаа нь түгжрэлийн нэг томоохон шалтгаан болдог байна.

Энэ бүх томоохон зам гүүрний ажлыг хийнэ гэдэг амар ажил биш. Амар бишээс гадна захын нэг хотын дарга хийчих ажил биш. Гагцхүү Х.Нямбаатар УИХ-д хоёр удаа сонгогдож, Байнгын хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан зангаргаа харуулж, хотод энэ олон төслийг зэрэг эхлүүлээд байгаа юм.

Нийслэлд томоохон 24 төсөл хэрэгжүүлэхээс гадна зөвхөн зам гүүрний чиглэлд 10 байршилд зам гүүр барих, 41 байршилд шинэчлэл хийнэ гэдэг бол төсөв даахгүйгээс гадна баргийн хотын даргын шийдвэрлүүлэх асуудал биш. Гэтэл Х.Нямбаатар эдгээр зам гүүрний ажлын хөрөнгө санхүүг гаднын хөрөнгө оруулалт, концесс гээд төр хувийн хэвлийн түншлэлийн хүрээнд хийхээр төлөвлөчихсөн, ажлаа эхлүүлжээ. “Хийе гэсэн хүнд арга олддог, хийхгүй гэсэн хүнд шалтаг мундахгүй” гэгч энэ байх.

Тиймээс Х.Нямбаатарыг тогтвортой ажиллуулж, болж өгвөл 2028 онд улираан томилж, эхлүүлсэн ажлуудыг нь дуусгуулах ёстой. Тэгээд дараа нь үр дүн нэхээд суухаас өөр сонголт нийслэлчүүдэд байхгүй. Х.Нямбаатарыг зайлуулах хүсэл хэнд байна вэ гэхээр газрын наймаачид, нийслэлийг өмчийг үнэгүй эзэмшигчид, зөвшөөрлийн наймаачид гэх мэт нөхөд л байгаа шүү дээ.

ШИНЭ МЭДЭЭ