2025.06.04
Хууль, эрх зүй
П.Сайнзориг: Хэм хэмжээ тогтоосон актуудыг хууль зүйн яам бүртгэх эсэхээ шийдэх нь зүйтэй
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2025.06.04ний өдрийн хуралдаанаар “Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд” /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүн 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцлээ.
Уг төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн П.Сайнзориг асуулт асууж, байр суурь илэрхийлэв.
Хууль тогтоомжийн төслийг боловсруулахдаа дагалдан гарах хуулийн төслүүд болон хэм хэмжээ тогтоосон актуудыг хамтад нь боловсруулаад хууль тогтоогчдод танилцуулах заалтыг баримталчихад өнөөдрийн яриад байгаа бүх зүйл шийдэгдэнэ. Дагаад энэ хуулиар ийм эрх олгосны дагуу ийм ийм дүрэм журмуудыг засгийн газар сайд нар батлах гэж байгаа юм гэдгийг хамтад нь боловсруулаад үүнийг хууль тогтоогчид үзээд энэ харилцаанд эрх олгох шаардлага алга гээд шийдчих зүйл дээр амьдралын практик харж дүгнэхгүйгээр оруулж ирж байгаад гайхаж байна.
Захиргааны хэм хэмжээний акт батлах зүйл дээр зөвхөн шаардлага тавьж байгаа. Тэгтэл эрх олгосон актууд чинь захиргааны хэм хэмжээний акт болдоггүй.Захиргааны хэм хэмжээний акт гэдгийг хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгэж байгаа актуудыг хэлж байгаа. Эрх олгосон заалтын дагуу бусад хэм хэмжээ тогтоож байгаа актад ямар нэгэн шаардлага тавихгүй болж таарах гээд байна. Тэгэхээр ингэж хагас дутуу хоёрын хооронд хийж болохгүй.
Хоёрдугаарт статистик мэдээллээ буруу авчихсан байна. Засгийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталж байгаа дүрэм, журмуудыг одоо болтол хууль зүй, дотоод хэргийн яам бүртгэдэггүй. Энэ бүртгэдэггүй дүрэм, журмуудыг хяналт бүртгэлгүй журам байна гээд олон нийтэд сэвсээр байгаад журмын эх орон болчихлоо гэдэг зүйл ярьж байгаа. Эрх олгосон заалтын хэм хэмжээг хууль зүй, дотоод хэргийн яам тоолж байсан юм. Монгол Улсын хэмжээнд бүх хуулиуд дээр 2500 орчим эрх олгосон заалт байдаг. Үүнээс 500, 600н Засгийн газар, Ерөнхийлөгч баталж байгаа. Ийм зүйлүүдийг олон нийтэд буруу ойлгуулж байгаад харамсаж байна.
Эцэст нь хэм хэмжээ тогтоосон актуудын хяналт бүртгэлийг хууль зүй, дотоод хэргийн яам хийх үү? Эсхүл цаашдаа хууль тогтоомжийн агентлаг байгуулаад Ерөнхий сайд дэргэдээ хянадаг. Эсвэл Парламент хянадаг байж болдог. Үүнийг бусад орнууд хийдэг. Ийм тогтолцооны өөрчлөлт хиймээр байна.Хууль тогтоомжийг боловсруулах хэсэг дээр хагас дутуу орж ирж байна. Эмгэнэлтэй зүйл нь Монгол Улсын Үндсэн хуульд гагцхүү хуулиар тогтоосон харилцаа гэж байна. Үүний цаана сонгуулийн хуулийг дагаад дүрэм, журам гарчихсан байгаа. Сонгууль хууль тогтоомжийг дүрэм, журам гаргуулахгүй гэсэн үг үү?
Түүний асуултад, УИХ-ын гишүүн О.Номинчимэг хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
