
Монголбанкны 2024 оны санхүүгийн тайланд холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулагдлаа
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн (2025.06.03) хуралдаанаар Монголбанкны 2024 оны санхүүгийн тайланг хэлэлцэж, энэ талаар тус банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа.
Цар тахал, геополитикийн хурцадмал нөхцөл байдлаар даамжирсан эдийн засгийн хүндрэлүүдийг Монгол Улс амжилттай даван туулж, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эдийн засаг бүрэн сэргэсэн хэдий ч гадаад орчны нөхцөл тодорхойгүй байгааг тодотгов. Тиймээс 2024 оны эдийн засгийн гүйцэтгэлийг цаашид тогтвортой хадгалах нь маш том сорилт болох төлөвтэй байгааг дурдаад энэ нөхцөл байдалтай уялдуулан Төв банк дотоод эдийн засагт бодлогын тохируулга хийж байгаа гэв.
Манай улсын эдийн засаг 2023-2024 онд зудын хүндрэлтэй нүүр тулж, хөдөө аж ахуйн салбар хоёр жил дараалан агшсан. Үүнээс шалтгаалан малчдын зээлийн эргэн төлөлт доголдох, мал аж ахуйн салбарын үйлдвэрлэл буурах, эдийн засгийн өсөлт саарах эрсдэл үүссэн байна. Энэхүү хүндрэлийг зөөлрүүлэх, малчдын төлбөрийн чадварын эрсдэлийг бууруулах зорилгоор Монголбанк 2024 онд бодлогын хүүг үе шаттайгаар бууруулж 10 хувьд хүргэжээ. Түүнчлэн, эргэн төлөлт нь доголдсон малчны зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг авч хэрэгжүүлжээ.
Банкны салбарын тогтвортой байдлыг хангах, банкуудын засаглалыг сайжруулах, эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх хүрээнд Монголбанк банкны хяналт шалгалтын бодлого, зохицуулалтыг орчныг тасралтгүй сайжруулан ажиллаж байнгаа аж. Үүний үр дүнд банкны салбарын актив хөрөнгө 2024 оны эцсийн байдлаар 25.1 хувиар буюу 14.3 их наяд төгрөгөөр өсөж 71.4 их наяд төгрөгт хүрсэн. Чанаргүй зээлийн хувь хэмжээ 4.4 хувьд буюу 2015 оноос хойших хамгийн бага түвшинд хүрчээ.
Дээрх тайлангийн танилцуулга, зөвлөмжтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Д.Энхтүвшин, М.Бадамсүрэн, О.Батнайрамдал, Ж.Алдаржавхлан, Б.Жаргалан, Л.Соронзонболд, Р.Сэддорж нар асуулт асууж, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга Н.Ууганбаатар болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар авав. Монголбанкны хараат бус, бие даасан байдлыг хангах нь нэн чухал бөгөөд Улсын Их Хурал холбогдолтой аливаа шийдвэр гаргахдаа бие даасан байдалд нь халдахгүй байхдаа анхаарах нь зүйтэй хэмээн гишүүд хэлж байв. Түүнчлэн тэтгэвэр барьцаалсан зээлийн хязгаарлалтыг үе шаттай хэрэгжүүлэх, үндэсний үйлдвэрүүдийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн хадгаламжийг эргэлтэд оруулах оновчтой бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх, Үндэсний баялгийн санг хянан шалгах ажлын хэсэг байгуулах зэрэг саналыг хэлж байв.
Монголбанкны 2024 оны санхүүгийн тайланг хэлэлцэж, тус банкны Хяналтын зөвлөлийн санал, зөвлөмжийг сонссонтой холбогдуулан Ирээдүйн өв сангийн валют болон тус банкны Төрийн сангийн дансан дахь хуримтлал, Хөгжлийн сангийн мөнгөн хөрөнгийн төвлөрүүлэлт, гүйцэтгэл болон Үндэсний баялгийн сангийн хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах саналыг Р.Сэддорж дарга танилцууллаа.
Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн тус саналыг гаргасан бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, Б.Жаргалан, П.Батчимэг, М.Бадамсүрэн, Д.Энхтүвшин нар ажиллахаар боллоо. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлангийн гаргасан саналын дагуу ипотекийн зээлийн хэрэгжилтийг хянан шалгах ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
ШИНЭ МЭДЭЭ
