
“Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Зээлийн хэлэлцээрийг хэлэлцлээ
УИХ-ын чуулганы /2025.05.29/-ний өдрийн хуралдаанаар “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан хуулийн төслийг танилцууллаа.
Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Эрчим хүч-3 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодоор 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хэлэлцэн дэмжсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 07 дугаар захирамжийг үндэслэн Зээлийн хэлэлцээрт 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гарын үсэг зураад байна.
Тус төсөл нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөгжлийн төслийн жагсаалтад туссан бөгөөд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-тэй нийцэж байгаа болно.
Төслийн хүрээнд одоогийн Багануур-Чойр чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг 220 кВ-ын хоёр хэлхээт болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, Багануур, Чойр дэд станцуудыг өргөтгөснөөр бүс нутгийн өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй эрчим хүчний найдвартай ажиллагаа, тогтвортой байдлыг хангах ач холбогдолтой юм гэлээ.
Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох 47.0 сая ам.долларын зээлийн хугацаа 30 жил, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил бөгөөд баталгаат овернайт санхүүжилтийн хүү /СОФР/ дээр 1.44 хувийн нэмэгдэлтэй хувьсах хүүтэй юм байна.
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай хуулийн төслийн байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа.