Европын Холбооноос Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа
2025.05.26
Гадаад харилцаа

Европын Холбооноос Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооний дарга Э.Одбаяр нарын хамт Европын Холбооноос Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтыг “Европын Өдөр”-ийг тохиолдуулан жил бүр зохион байгуулдаг бөгөөд Монгол Улсын Засгийн газрын бодлогыг танилцуулах, Европын Холбоотой хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа, цаашдын чиглэлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Уулзалтын үеэр Европын Холбоотой байгаль орчны салбарт амжилттай хэрэгжиж буй хамтын ажиллагаанд талархал илэрхийлж, ойн түншлэлийн хөтөлбөр болон ойн салбар дахь хамтарсан төслүүдийг онцлон дурдлаа. Түүнчлэн, 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын (UNCCD) Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын талаар танилцуулж, хуурай бүс нутгийн тогтвортой байдал, нүүдлийн мал аж ахуйд суурилсан олон улсын эвсэл байгуулах санаачилгаа албан ёсоор зарласан тухай мэдээллээ.

Мөн Эдийн засаг хөжлийн яамтай хамтран “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах тухай” анхдагч хуулийн төслийг боловсруулж байгааг дурьдаж энэ чиглэлээр ХБНГУ болон бусад улс орон, олон улсын хамтын нийгэмлэгүүдтэй идэвхтэй хамтран ажиллаж байгаад талархал илэрхийллээ. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Монгол Улс Парисын хэлэлцээрийн хүрээнд 2030 он хүртэлх зорилтоо ахиулах хүрээнд гурав дахь удаагийн Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн (NDC3.0) шинэчилсэн баримт бичгийг боловсруулж байгаа бөгөөд уг баримт бичгийг энэ оны сүүлээр COP30 хурлын өмнө НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлэхээр төлөвлөж байгаа талаар мэдээлэл өглөө.Цаашид уг зорилтыг хэрэгжүүлэхэд Европын Холбооны дэмжлэг, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг өргөжүүлэх хүсэлтэй байгааг сайд илэрхийлэв.

ШИНЭ МЭДЭЭ