МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хүүхдийн эрх - Ижил гараа, тэгш боломж… Яг л марафон шиг
2025.06.03
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Хүүхдийн эрх - Ижил гараа, тэгш боломж… Яг л марафон шиг

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 6-р сарын 1-ний өдөр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар Хүний эрхийн үндэсний комисстой хамтран Хүүхэд бүр ялагч, хүүхэд бүр хамгаалагч “Хүүхдийн марафон-2025” арга хэмжээг зохион байгууллаа. 

Марафоныг УИХ-ын гишүүн О.Саранчулуун нээж, үг хэлсэн юм. Хүний эрхийн асуудалд онцгойлон анхаарч, идэвхийлэн зүтгэдэг тэрбээр ийн бодлоо хуваалцлаа.

Тэрбээр "Хүүхдийн эрхийг хамгаалах нь зөвхөн өнөөдөрт бус, маргаашид чиглэсэн байна, ирээдүйгээ хамгаалах ганц өдрийн ажил, эсвэл ганц нэгхэн хүний оролцоогоор хийгдэх зүйл биш гэдэг дээр бид олон жил санал нийлж 6 сарын 1-нд хүүхдэдээ бэлэг нэртэй сахар авч өгөх бус хүүхдийн эрхийг хамгаалъя гэж ярьсаар ирсэн.

Тэгвэл хүүхдийн эрхийг хамгаалах нь мөн л хүүхдийн баярын 7 хоног яриад дуусах бус олон талт оролцоо, нарийн зохион байгуулалт, тууштай байдал шаардсан “марафон”-той зүйрлэж болох юм.

Марафон зохион байгуулахын тулд төлөвлөлт хамгийн чухал. Зохион байгуулагчид замаа төлөвлөж, аюулгүй байдлаа хангаж, оролцогч бүрийг ижил гараанаас эхлэх нөхцлийг бүрдүүлдэг. Тодорхой бодлого, төлөвлөгөө, төр засаг, ИНБ-ууд, эцэг эх, багш, олон нийт хамтран хүүхэд бүрт тэгш боломж, аюулгүй орчин, боловсрол, эрүүл мэнд, хамгааллыг ижил түвшинд хүргэх ёстой байна. Гэвч хүүхдийн эсрэг хүчирхийллийн 70 орчим хувь нь гэр бүлийн хүрээнд үйлдэгдсэн байдаг.

Марафоны урт замын турш оролцогчдод дэмжлэг, ус, амрах цэгүүд хэрэгтэй. Амьдралын замд учрах олон сорилт, саадыг даван туулахад нь бидний дэмжлэг, халамж, ойлголт, хамгаалалт зайлшгүй шаардлагатай. Хүүхдийн эрх зөрчигдөж буйг анзаарахгүй өнгөрөх нь тэднийг замын дунд орхиж байгаа хэрэг билээ. Гэтэл өнөөдөр Монгол Улсад 5 хүүхэд тутмын 1 нь ямар нэгэн хүчирхийлэлд өртөж байгаа нь бид хангалттай дэмжлэг үзүүлж чадахгүй байгааг харуулж байна.
Асуудал их, хүүхдийн эрхийг санаж хамгаалах өдөр ганц. Хажуу айлын хүүхэд миний болоод бусдын ирээдүй гэдгийг санаж хүүхдүүдээ хамгаалдаг байя. Учир нь энэ бол бидний хамтдаа туулж буй “нийгмийн марафон” юм" гэв.

ШИНЭ МЭДЭЭ