2025.06.03
Улстөр

С.Одонтуяа: Эгийн голын УЦС-ын 60 жил гацсан төслийг 8 сард хийж чадсан гэдгийг нүүр бардам хэлчихье!

УИХ-ын чуулганы /2025.05.02/-ны хуралдаанаар "Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа дараах байр суурийг илэрхийллээ.

Өнөөдрийн чуулган дээр олон хүн АН-ын сайд нарыг сайн ажилласан гэдгийг хэлэхэд, үүнийг сонсоход таатай байна. Ерөнхий сайд ч гэсэн хэллээ. УИХ-ын гишүүд ч гэсэн энэ талаар бүгдээрээ санал нэгтэйхэлсэнд баяртай байна. Өнгөрсөн 10 сарын хугацаанд бид үнэхээр хичээж ажилласан. Яамны ажлаас гадна намайг Агаарын бохирдлын үндэсний хороог ахалж ажиллаарай гэхэд за л гэлээ. Өдөр шөнөгүй 5 сар ажиллаад, үр дүнтэй л болж байна. НҮБ-ын Цөлжилтийг тэмцэх хурлын Үндэсний хороог ахалаа л гэсэн, за л гэдэг. Манай АН-ын сайд нар ажил хийх гэж орсон. Бид нэг реформ хийе гэж ордог. Ажлаа хийсэн ажлаа яриад байвал одоо дуусахгүй. Тэгэхээр би нэг хэдхэн зүйлийг онцолж хэлье гэж хүсэж байна. Нэгдүгээрт Эгийн голын асуудал байгаа. 2024 оны 8 дугаар сарын 14-нд Ерөнхий сайд болон манай Л.Гантөмөр сайд намайг дуудаад Эгийн голын УЦС-ын төслийг гацаанаас гаргах үүрэг даалгаврыг оногдуулсан. Өнгөрсөн 4 жил Монгол Оросын парламентын бүлгийн даргаар ажиллаж байсан хүний хувьд энэ ажлыг хариуцаад хий гэсэн ийм үүрэг өгсөн.

Үүрэг өгөгдсөнөөс хойш 20 хоногийн дараа, ОХУ-ын Байгаль экологийн сайдтай санамж бичигт гарын үсэг зурсан. Өмнө нь ОХУ, Юнескогийн дэлхийн өвтэй бага зэрэг хэл амаа ололцдоггүй ийм асуудлууд байсан юм билээ. Санамж бичиг зурснаас хойш ердөө 1 сарын дараа Эгийн голын УЦС байгуулах, ШУА-ийн хамтарсан ажлын хэсгийг байгуулж төлөвлөгөөг баталсан байдаг. Үүнээс 5 сарын дараа Эгийн голын байгаль орчны нийгмийн нөлөөллийн үнэлгээ ТЭЗҮ-ийн ажлыг эхлүүлсэн, нэг ёсондоо надад Монгол улсын ЗГ-аас өгсөн үүрэг даалгаврыг 8 сарын дотор хамтарсан Засаг хийж чадсан. Энэ төлөвлөгөөний дагуу бид 2026 оны 2 дугаар улиралд дуусах ёстой. Дараагийн Засгийн газар, сайд нар энэ ажлыг үргэлжлүүлж хариуцлагатай хийх нь улс орны эрх ашигт чухал юм. 60 жил гацсан төслийг 8 сард хийж чадсан гэдгийг нүүр бардам хэлчихье гэж бодож байна. Энэ амаргүй ажил байсан.

Монгол Улсын ногоон хөгжлийн бодлого гадаадын төсөл хөтөлбөрийг Монгол Улсад татах асуудлаар нийт 300 гаруй уулзалт хийсэн байдаг юм. 40 гаруй сая долларын гэрээ хэлцэл хийсэн. Монгол Улсад карбоны зах зээлийг хөгжүүлэх талаар 2 тэрбум төгрөг, байгаль орчны ажилч албан хаагчдыг чадавхжуулах талаар 10 гаруй тэрбум төслийг, Уур амьсгалын ногоон сангаас авахаар төслүүд амжилттай явж байгаа. Тэгээд би эрхэм гишүүддээ нэг зүйлийг хэлмээр байна. Ер нь Байгаль орчны яам бол үндсэн чиг үүргийн яам байх ёстой юм байна. Өмнө нь үндсэн чиг үүргийн яам байсан Оюун сайдын үед. Энэ бол өөрөө маш чухал ажил. Уур амьсгалын өөрчлөлтийн өмнө дэлхий даяараа сөхөрч байна.Энэ дулаарал, хуурайшилт, сая хуурайшилтаас болоод ойн түймэр гарсан. Богд уулын талбайгаас 2 дахин том талбайг бид нар ойн түймэрт алдчихлаа. Тэгэхээр энэ уур амьсгалын өөрчлөлт байгаль орчны салбарт онцгой анхаарах ёстой.

ШИНЭ МЭДЭЭ