2025.05.27
Эдийн засаг, Худалдаа
Б.Жаргалан: Давхар ЗЗ үүсгэж улсын төсөвт татаас тавих тусам улс төрд ойр хүмүүс зээл авч бизнесийн салбарыг давжааруулаад байна!
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны /2025.05.23/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүллээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан:
Улсын төсөвт зээлийн хүүгийн татаас гээд ХХААХҮЯ дээр тодорхой нэр бүхий 4-5 хөтөлбөрийн хүрээнд хагас их наяд төгрөг тавигдсан байгаа. Би зарчмын хувьд зээлийн хүүгийн татаас тавиад зарим ААН нь 3 хувь, зарим нь 30 гаруй хувийн зээлийн хүү төлөөд үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ нь давхар зах зээл үүсгэж бизнесийн байгууллагуудын өрсөлдөх чадварыг улам хумьж байна гэсэн байр суурьтай байдаг. ЖДҮ сан дээр юу болсныг бид бүгд мэднэ. Давхар зах зээл үүсгэж улсын төсөвт татаас тавих тусам улс төр, шийдвэр гаргах түвшинд ойр хүмүүс нь зээл авч бизнесийн салбар давжаараад, өрсөлдөх чадваргүй болж алга болж байгаа. Хэсэг хүмүүст онцгой боломж олгох биш, нийтээр нь хүүгээ бууруулах бодлого баримтлахгүй юм уу? Салбарыг дэмжинэ гэж оруулж ирээд байгаа бүх хөтөлбөрүүд чинь салбаруудаа тэжээвэр болгоод, өрсөлдөх чадваргүй болгоод экспортот бүтээгдэхүүн гаргах талаар болох асуудал үүсээд байна. 35 жил бид яг ийм бодлого хэрэгжүүлж ирсэн. Тэр дундаас бойжсон ААН нэгч алга. Сэтгэлгээний хувьд өөрчлөлт хиймээр байна. Зээлийн хүүг тэнхлэгээр нь бууруулах боломж байхад янз бүрийн хөтөлбөр оруулж ирээд, тухайлбал ЖДҮ сан дээр 58 тэрбум төгрөг нэмнэ гэж байна. Үүнийг хэн авах вэ? Улстөрчид хувааж авах уу? Энэ тал дээр зарчмын хувьд маш эсрэг байр суурьтай байна. Учир нь энэ Их хурал нь реформын шинж чанартай өөрчлөлтүүд хийе гэж зорьсон. Эдийн засгийн бодлого өөрөөр явах ёстой.
ШИНЭ МЭДЭЭ

Зээлийн мэдээллийн тухай хуулийг хэлэлцлээ
2025.04.25