УИХ-ын чуулганы 2025/06/02 өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудал /“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/-ыг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь байр сууриа илэрхийллээ.
Хэлсэндээ хүрч, эхэлсэн ажлаа дуусгахын төлөө тууштай явж ирсэн. Эхэлсэн бол дуусгадаг. Хэлсэн бол хийдэг зарчимтай. Ийм л байх ёстой. Ийм ч зарчмаар манай 8 сайд урилгыг хүлээж аваад өдөр хоногийг үл тооцон амралтын өдөргүйгээр ажиллахыг хичээж ажиллалаа. Харамсалтай нь Ардын намын Бага хурал хуралдаж бид нарын хүсэл эрмэлзэл, итгэл найдвар, хүсэл тэмүүлэл оргилж байсан. Яагаад ингэж хүмүүсийн ажил хийх бэрхшээлийг даван туулах хүсэл мөрөөдлийг бусдаас асуухгүйгээр хамтарсан хүмүүстэйгээ ярилцахгүйгээр, мэнд ус мэдэхгүйгээр хүний өмнөөс шийд гаргадаг юм болоо гэж. Аливаа гэрээ чинь зүгээр СӨХ-ын гэрээ, хүүхдийн сургалтын гэрээнээс авхуулаад хамгийн жижиг гэрээ ч гэсэн нөгөө талтайгаа ярьдаг, хэлдэг. Та ийм юмаа зөрчсөн байна гэж сануулдаг. Сайн, сайн гээд малгай өмсүүлж байгаад бүгд АН-ын буруу. Ямар гэрээ зөрчсөн юм. Хэддүгээр заалтыг зөрчсөн юм. Яаж зөрчсөн юм. Өмнө нь сануулсан юм уу. Сануулаагүй юм уу. зүгээр тулгаад бодож байна л даа. Энэ асуудал нь үнэндээ таалагдахгүй байна. Дээр нь энэ шийдвэрээ гаргаад орхихгүй дэвшлээд байхыг бол хүлцэн тэвчихгүй ээ. Хамтаръя гэсэн хамтарсан. Зүтгэе гэсэн зүтгэсэн. Өглөө нь босоод ирэхэд нь байхгүй. Тэгээд үүнээс хойш баалаад улс төр хийх гээд байх юм бол үзнэ шүү. Ер нь хүнээс айгаад байдаг нас ч байхгүй. Өнөөдөр АН-ын хэдэн сайд нар ерөнхийдөө магтаад. АН-ын сайд нар л манай бага хурлын шийдвэрийг гаргачихлаа гэсэн аятай юм яриад байгаа юм. Олон хүн хэлж байна. 1992 оноос хойш 9 сонгууль боллоо. Хувь хүнийхээ хувьд 8 сонгуульд амжилт гаргаж өнгөрсөн бүх түүхийг нүдээрээ үзэж, гараараа тоолж явсан. Гэтэл өнөөдөр өөрсдийнхөө хийсэн, өөрсдийнхөө гаргасан балгийг бид нарт огт мэдүүлэхгүйгээр шийдчихээд бусдын буруу гэх юм бол гомдолтой байна. Ийм байж болохгүй. Ийм цаг үеийг бид нар эхлүүлж болохгүй, дуусгаж ч болохгүй.