МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.06.03
Улстөр

Д.Бум-Очир: Ард түмэн төрд итгэх итгэлээ алдсан гэж бодож байна

УИХ-ын чуулганы 2025/06/02 өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудал /“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/-ыг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Бум-Очир байр сууриа илэрхийллээ. 

Өнгөрсөн 35 жилийн туршид Монголын төр засгийн хамгийн их алдсан зүйл бол миний ойлгож байгаагаар ард түмэн төрд итгэх итгэлээ алдсан гэж бодож байна. Төрийг харддаг болсон. Төр ч итгэлийг нь алдсан. Дарга нар маань итгэлийг нь алдсан. Хориод хоног үргэлжилж байгаа энэ жагсаал бол итгэл алдарснаас болж байгаа жагсаал гэж би ойлгож байгаа. Өчигдрөөс хойш надад 200 гаруй мессеж ирчихсэн байна. Дандаа итгэхгүй байна гэдэг л мессеж ирж байна. Хэрвээ итгэл үзүүлбэл та бүхэнд итгэл алдарна шүү гэдэг ийм утгатай мессежнүүд ирж байна. Мөн 150 мянга орчим хүн гарын үсэг зурчихсан байна. Тэр хүмүүсийн итгэл байгаа. Тиймээс өнөөдөр бид итгэлийн сүлжээн дотор байгаад байна. Жагсагчид Ерөнхий сайдад итгэх үү, үгүй юу? гэдэг тухай асуудал итгэхгүй байна гэдгээ илэрхийлээд байгаа зүйл. Тэд маань ард түмний томоохон төлөөлөл. Их хурал дээр бидний хэлэлцэж байгаа асуудал мөн дахиад итгэлцлийн тухай асуудал. Их хурлын гишүүд ард түмнийг төлөөлж сууж байгаа Их хурлын гишүүд Ерөнхий сайддаа итгэл үзүүлэх үү, үгүй юу гэдэг тухай асуудал ярьж байна. Үүний үр дүн нь дахиад итгэлцлийн тухай асуудал. Бид ард түмнийг төлөөлж энэ танхимд сууж байгаа. Тэгтэл ард түмэн маань талбай дээр гарчихсан байж байна. Тэд юу хүсээд байгаа нь их тодорхой. Анх нэг хүний асуудал юм шиг гарч ирээд дараа нь нэг намын асуудал болоод хоёр намын асуудал боллоо. Цаашлаад институц хоорондын асуудал юм шиг болох гээд дэвэрч явж байгаа нь тун харамсалтай зүйл юм. Бид юуг бодох ёстой вэ гэвэл ард түмний төрд итгэх итгэлийг хэрхэн сулруулахгүй байх вэ гэдгийг бодох ёстой болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл ард түмэн төрдөө итгэхээ боливол эх орондоо итгэхгүй. Магадгүй өнөөдөр яг эсрэгээрээ ард түмний төрд итгэх итгэлийг яаж хадгалж үлдэх вэ гэдэг асуудлыг илүү их анхааран ярих ёстой байсан болов уу гэж бодож байна. Энэ асуудлыг гишүүд маань ч гэсэн бүгдээрээ дор бүрнээ тунгааж үзнэ биз. Бид өнөөдөр төр ард түмний итгэлийн тухай асуудлыг хэлэлцэж байна шүү гэдгийг дахин та бүхнийхээ анхааралд хүргэх гэсэн юм. Баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ