Б.Жаргалан: Өнөөдөр энэ танхимд ямар ч тодорхой зүйл яригдсангүй, хуйвалдааны онол л яригдлаа
УИХ-ын чуулганы /2025.05.02/-ны хуралдаанаар "Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Жаргалан дараах байр суурийг илэрхийллээ.
Иргэдийн төрд итгэх итгэл өдөр ирэх тусам суларч байгаа. Ийм цаг үед бид Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тухай асуудлыг УИХ-аар хэлж байна. Хэлэлцэж байна гэдгийг та нарт дахин сануулъя. Л.Оюун-Эрдэнэ та Монголын ардчиллын түүхэнд хамгийн удаан ажилласан 5 жил ажилласан Ерөнхий сайд аа. Тэгэхдээ ЗГ-ын сайд нараа өөрөө томилох гэх мэт урьд хожид байгаагүй маш их улс төрийн эрх мэдэлтэй байсан. Танай кабинет дотор зөрчил гарсан бол таны л томилсон хүмүүс. Мөн эдийн засгийн хувьд та хамгийн их эрх мэдэлтэй байлаа. Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа хамгийн их төсөв хөрөнгө зарцуулсан. 2021-2025 онд зөвхөн төсвийн зарлага 120 их наяд төгрөгт хүрсэн. Энэ бол татвар төлөгчдийн хуруу,хумсаа хугалан байж олсон мөнгө. Монголчууд бидний байгалийн баялгаа заран байж олсон мөнгө. Гэтэл энэ хугацаанд монголчуудын амьдрал ингэж сайжирлаа, ийм асуудал шийдэгдлээ, тэдэн ажлын байр бий боллоо, залуусын мөрөөдөл ингэж биеллээ гэж ам бардам хэлэх зүйл нэг ч байсангүй.
Тийм ч учраас АН хамтарсан ЗГ-т орсон алдагдсан он жилүүдийг сунгахгүй байхын төлөө, ажил хийхийн төлөө, бизнесийн орчныг сайжруулахын төлөө иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэхийн төлөө залуусын мөрөөдлийг биелүүлэхийн төлөө АН-ын сайд нар хичээж ажилласан. Дор бүрнээ салбар бүрдээ манлайлал үзүүлсэн тодорхой асуудлуудыг шийдсэн, манай бүлэг ч дэмжиж ажилласан. Гэтэл ЗГ-ын тэргүүн нь өөрөө орлогоо нотолж чадахгүй байгаа асуудлаа, хамтарсан ЗГ-ын асуудал болгож байгаад харамсаж байна. Та анх гарч ирэхдээ эрх мэдэлд хүрэхдээ шударга ёс тогтооно, авлигатай тэмцэнэ, ах нарынхаа алдаа завхралыг засна гэж амласан. Энэ амлалтыг танаас өнөөдөр талбай дээр жагсаж байгаа залуус нэхэж байгаа шалтгаан нь ердөө энэ. Түүнээс биш Үндэсний баялгийн сан энэ тэрийг дэмжихгүй байгаа нэг ч хүн алга. Ямар нэг ил, далд хүч, хэн нэгэн бүлэглэл, эсвэл Ерөнхийлөгчийн институц, хэн нэгэн том ах , том өрөг гэх мэт айдсыг дэвэргэх ямар хэрэг байдаг юм бэ. Өнөөдөр энэ танхимд ямар ч тодорхой зүйл яригдсангүй. Хуйвалдааны онол л яригдлаа.
Нэг зүйл дээр цэг тавихад АН-ын бүлэг засаглалын тогтолцоог өөрчлөх үндсэн хуулийн аливаа өөрчлөлтийг дэмжихгүй гэдгээ нотлоод шийдвэрээ аль хэдийн гаргачихсан байгаа. Мөн өнөөдөр Ерөнхий сайдад итгэл үзүүлж санал хураалтад оролцохгүй буюу итгэл үзүүлэхгүй гэсэн улс төрийн шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийг хүртэл таны хэвлэл өнөөдөр мушгиад сууж байна? Монгол Улсад ардчилсан хувьсгалаас хойш төрсөн эрх чөлөөтэй, нээлттэй нийгмийн иргэд болж төлөвшсөн залуус нийт хүн амын 60%-ийг бүрдүүлж байна. Тэд дарангуйллын хүлээн зөвшөөрөхгүй. Эрх чөлөөгөө булаалгахгүй. Харин та бид залуусынхаа мөрөөдлийг, тэдний итгэлийг хамгаалах үүрэгтэй. Монгол улсын ерөнхий сайд айдсаар бус, итгэлээр улс орноо удирдах ёстой.
Тиймээс би залуусынхаа талд иргэдийнхээ талд бат зогсоно уу. Цаашлаад парламентынхаа талд Үндсэн хуулийнхаа талд бат зогсоно. Хэрэв та ардчиллын үнэт зүйлсийн төлөө хамтдаа тэмцэнэ гэвэл мөр зэрэгцээд тэмцэхэд бэлэн байна. Харин парламентыг хуваалгүйгээр өргөдлөө өгөөд огцорчихвол, Монголын ардчилалд бараг оруулах хамгийн том хувь нэмэр чинь байх болно гэж хэлмээр байна. Яагаад гэвэл улс төрийн тогтвортой байдал улс орны хөгжил нэг хүнээс хэзээ ч хамаардаггүй юм.
ШИНЭ МЭДЭЭ
