МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.06.02
Улстөр

Д.Батлут: Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориг зүрхтэйгээр дэмжиж ажиллах эх орноо боддог олон гишүүд байгаа гэдэгт эргэлзэхгүй байна

УИХ-ын чуулганы /2025.05.02/-ны хуралдаанаар "Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Батлут дараах байр суурийг илэрхийллээ.

Төрийн дээр нам гарчихжээ гэж хүмүүс ярьж байгаа. Тэгэхээр яг ямар асуудлууд яригдаад байгаа юм бэ гэдэг талаас нэг товчхон мэдээлэл өгөх нь зүйтэй гэж бодож байна. Өнөөдөр 5 намын 126 гишүүн намынхаа төлөөллийн төв байгууллагын шийдвэрээр нэр дэвшиж сонгогдоод, энэ танхимд сууж байгаа юм. 2024 оны сонгуулийн үр дүнгээр олонх болсон МАН хамтарсан Засаг байгуулах шийдлийг төлөөллийн төв байгууллагаараа гаргуулаад, АН, Хүн намд урилга өгч хамтарсан засаг байгуулагдаад явж байгаа юм. Хамтарсан ЗГ-ын гэрээнд улс төрийн нөхцөл байдал үүссэн тохиолдолд, талуудын намын төлөөллийн төв байгууллагаар хэлэлцэж эцэслэн шийдвэрлэнэ гэж заасны дагуу МАН-ын бага хурал 5 дугаар сарын 21-нд шийдвэрээ гаргаж, хамтарсан ЗГ-ын гэрээг зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр засгийн газраа бүрдүүлэх шийдвэрийг гаргасан.

Манай Бага хурал бусад намуудын энэ төлөөллийн төв байгууллагад, дандаа дарга нар байдаггүй нийгмийн сегмент салбар бүрийн төлөөлөл жирийн гишүүн, дэмжигчид гээд олон хүмүүс бий. Тэгэхээр энэ шийдвэрийг ингэж гаргаад явж байгаа юм. Тэгтэл өнөөдөр Их хурал дээр орж ирж байгаа тогтоол нь өөрөө хамтарсан ЗГ-ыг дэмжих, итгэл үзүүлэх гэж орж ирж байгаа юм. Нөгөө хамтрал байхгүй болчихсон. АН засгаас гарна гэдгээ АН-ын дарга нь албан ёсоор мэдэгдчихсэн. 8 сайд нь өргөдлөө өгчихсөн байгаа. Тэгэхээр энэ чинь яг одоогийн нөхцөл байдалд ойлгогдохгүй болчхоод байгаа юм. Хамтарсан ЗГ-ын бодлогыг дэмжиж тогтоол гаргах гээд байна. Наана чинь хамтрал байхгүй болчихсон, АН-ынхан гарна гэчихсэн байна. Сайд нар нь өргөдлөө өгчихсөн.

Хэрвээ ингээд хамтарсныг дэмжээд санал өгчих юм бол, нөгөө дургүй байгаа ламд дарж байгаад сахил хүртүүлсэн шиг юм болох нь. Үүнийгюу гэж ойлгох юм бүү мэд. Яг үнэндээ хоёрдугаарт нь бас нэг мессеж их явж байна. Хамтрал байхгүй бол бүх юм байхгүй болчих юм шиг. Яг үнэндээ нэг хэдэн жилийн өмнө хил холболтын төмөр замыг барьж байгуулж байхад нарийн царгийн төмөр зам оруулж ирье гэхэд нарийн царгийн төмөр зам барьж байгуулах юм бол танк ачигдаж орж ирээд Монгол Улсыг эзэлчихнэ гэдэг шиг уучлаарай, тийм зүйл байхгүй. Энэ намуудын мөрийн хөтөлбөрийн 80 орчим хувь нь давхацчихсан.

Зарим нэг онцлог намуудын мөрийн хөтөлбөрт орсон заалтуудыг оруулаад, ЗГ үйл ажиллагааны хөтөлбөрийг батлуулаад ажиллаж байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориг зүрхтэйгээр дэмжиж, ажиллах эх орон гэж боддог олон гишүүд байгаа. Тийм учраас энэ үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон гишүүд цаашлаад, дэмжиж ажиллах боломж байгаа гэж харж байна. Харин энэ үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж чадахгүй гэж яриад байгаа хүмүүсийг би ойлгохгүй байгаа. Яагаад тэгж дүгнээд байгаа юм тэдэнд ямар эрх ашиг байгаад байгаа юм. Цаана нь бодох л ёстой асуудал шүү.

ШИНЭ МЭДЭЭ