2025.06.02
Улстөр
Ц.Идэрбат: Санал хураалтыг ил явуулах нь зүйтэй
УИХ-ын чуулганы 2025/06/02 өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудал /“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/-ыг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Идэрбат байр суурь илэрхийллээ.
Өнөө шөнө Монголын ард түмэн баялагтаа эзэн болох амны хишиг байна уу, үгүй юу гэдгийг шийдэх гэж байна. Хамтарсан Засгийн газрыг анхнаас нь л дэмжсэн. Учир нь хамтарч байж явна. Яг ийм том эрх мэдэл, мөнгө төгрөг, уул уурхай, ашигт малтмал энэ асуудлыг нэг нам дангаараа явуулж чадахгүй юм байна гэдгийг өнгөрсөн парламент дээр харсан. Баялгийн сангийн хуулийг 64-тэй Ардын намын бүлэг байхдаа Ардчилсан намаас 4,5 гишүүн оруулж байж 40-ийн босго давуулж байсан түүх 2 жилийн өмнө шүү. Тийм учраас бид нар 2024 оны сонгуулиар баялагтаа эзэн болгоно гэж ярьсан. Энэ амлалтаа биелүүлэхэд энэ 68 бүлэг чадахгүй юм байна. Тийм учраас хамтраад явах нь зөв юм байна. Нөгөө талдаа ард түмэн бол сонгуулийнхаа үеэр та нар зодолддог юм байгаа биз. Сонгуулиас хойшоо ард түмнийхээ эрх ашгийг хангаж яваарай л гэж ингэж ярьдаг. Энэ болгоныг бодож л хамтарсан Засгийн газрыг байгууллахад нь ч дэмжсэн. Сая ганхаж эхлэхээс нь ч дэмжсэн. Намын Бага хурал дээр ч дэмжсэн. Одоо ч дэмжсэн байр сууриа л хэлэх гэж байгаа юм. Парламентад орж ирээд 4 жил боллоо. Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ болсон цагаас хойш Монгол Улсад энэ жагсаал маш их боллоо. Үнэхээр бодлогыг нь ард түмэн эсэргүүцээд байгаа юм уу гэхээр сонгуульд намаа манлайлж ороод энэ том бүсчилсэн сонгуульд намаа ялуулаад байдаг. Ажлаа хий жагсаалыг дэмжиж би бүр постолж байсан. Ингээд хараад байхад нүүрсний хулгай гээд л Ерөнхий сайд өөрөө эхэлж ярьсан. Нүүрсний хулгайгаа зогсоо гэж байснаа л 2 хоногийн дараа огцор болоод л явсан. Сая энэ Гашуунсухайтын асуудал орж ирэх үед 2 сарын эхээр Харбинд гарын үсэг зурахад нь энд утааны жагсаал гэж болоод л бас л утаа ярьж байснаа л сүүлдээ огцор болсон. Сая Гашуунсухайтын төмөр замыг холбох энэ ажил нь яваад орлогоо нотол болсон. Ирээд хэлэхийн завдалгүй огцор болсон. Өнөөдөр бол огцрох амархан гэдэг зүйл яриад залуучууд жагсаж байна. Бүх юмаа ил болго гэдгийг бол дэмжиж байна. Монгол төрийн асуудал, Монгол Улсын цаашдын үндэсний аюулгүй байдал олон зүйлүүдийг бас давхар бодох ёстой, үүрэгтэй хүмүүс гэж ингэж бодож байгаа. Энэ Монгол Улсад сүүлийн үед зохион байгуулагдаж байгаа энэ жагсаал цуглаанууд ямар нэгэн байдлаар зохион байгуулалттай, санхүүгийн эх үүсвэртэй жагсаад байвал энэ төр засаг гэж ер нь нэг цүнхний асуудлаас болоод өнөөдөр ингээд их хурал хуралдаад сууж байна. Ер нь цаашдаа ийм байдлаар байвал төр засаг гэж байх ч юм уу, үгүй ч юм уу. Ерөнхий сайд өнөөдөр ний нуугүй ярина гэсэн энэ олон жагсаал цуглааны ард та хүн байдаг гэж ярьдаг. Үүнийхээ талаар бас мэдээллийг энэ ард түмэнд өгөх хэрэгтэй. Би бол монголчилж ойлгохдоо зөв сэдэв хөнддөг. Дагуулж тонгорох гээд байдаг юм байна гэж хардаг. Санал хураалтыг ил явуулах нь зүйтэй гэж бодож байна. Нэг нэгнийхээ нүүрийг даахгүй хойгуур урдуур нь үнэн худал яриад л тэгж байгаа ингэж байгаа гэж шивнэж гүйж байхаар ил цагаандаа гараад яадгаа үзсэн нь дээр.
Хоёрдугаарт, Ардчилсан нам үндэсний хэмжээний том нам. Өнөөдөр энэ сонгуулиар МАН, АН хэн олонх болох гээд байгаа тэр сонгуулийн үе биш ээ. Энэ бол Монголын ард түмэн баялагтаа эзэн болох уу үгүй юу гэдгийг шийдэх чухал орой. Тийм учраас та бүхнийг бас чуулганыхаа хуралдаанд оролцооч ээ гэж хүсэж уриалж байна. Энэ бол улс орны том эрх ашиг. Энэ 3 сая ард түмэн баялагтаа эзэн болох амны хишиг байна уу үгүй юу гэдгийг шийдэх гэж байгаа ийм хурал дээр та бүхэн маань битгий нэг их айхтар улс төржөөч ээ гэж хүсье. Үндэсний эрх ашгаа бодож, ард түмний баялгийн тэгш хуваарилалтын тал дээр зогсоосой гэжбодож байна.
ШИНЭ МЭДЭЭ


