2025.06.02
Улстөр

С.Бямбацогт: Улс орны тусгаар тогтнол бүрэн эрхт байдалд ноцтой аюул занал болох хэмжээнд хүрчих вий

УИХ-ын чуулганы 2025/06/02 өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудал /“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/-ыг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт байр сууриа илэрхийллээ.

Бид хамтарсан Засгийн газар байгуулсан. Жил хүрэхгүй хугацаанд хамтарсан Засгийн газар олон жил гацсан томоохон төслүүдийг хөдөлгөж тодорхой ажлуудыг шийдэж сайн ажилласан. Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө гар сэтгэл нийлж ажилласан Ардчилсан намын сайд нартаа баярлалаа гэж хэлье. Өнөөдөр улс орны маань дотоод, гадаад нөхцөл байдал амаргүй байгаа. Хүнд байгаа. Эдийн засаг сайн биш байна. Ард иргэдийн амьдрал бас хүнд байна. Аж ахуй нэгжүүд татвараа төлөхөд хүндрэлтэй болж байна. Гадаад нөхцөл байдал дэлхийн дэг журам өөрчлөгдөж байна. Хүчтэй нь хүчгүйгээ дээрхэлдэг, том нь жижигтэй, бодлогоо тулгадаг, шахаж шаарддаг. Ийм ээдрээтэй, эгзэгтэй, эрсдэлтэй цаг үед бид бүхэн бас ажиллаж амьдарч байгаа. Ийм цаг үед аль болох эв нэгдлийг барьж зөвшилцөж ойлголцож асуудлыг шийдэж явмаар байгаа юм. Өнөөдрийн чуулганд олон гишүүд үг хэлэх байх. Хэлэх үгээ нэлээн сайн бодож болгоож, хагацашгүй сайн нөхөртэй марташгүй муу үг битгий хэлж байгаарай гэсэн үг байдаг. Түүнтэй адилхан тэр үгийг бодож саналаа хэлээсэй, үгээ хэлээсэй. Субъектив байдлаар асуудалд битгий хандаасай гэж хүсэж байгаа. Олон Засгийн газар огцорсон олон зөрчилтэй асуудлууд бий болж байсан. Энэ цаг үед бас ажиллаж байсан.2012-оос 2016 онд олонх цөөнх болоод хоорондоо маргалдаад, мэтгэлцээд, үл ойлголцоод, үл ойлголцол нь үзэн ядалт болоод олон жилийн бас ужгирсан тэмцэл болж байсан. Энэ түүхийг бид бас мартахгүй. Бүгд санаж байгаа 2016-2020 онд бас МАН 65 суудалтай мөртлөө 32, 33 болж хуваагдаж байсан. Тийм болохоор өнөөдөр энэ үл ойлголцол маань үзэн ядалт болдог. Энэ нь эргээд улс орны тусгаар тогтнол бүрэн эрхт байдалд ноцтой аюул занал болох хэмжээнд хүрчих вий. Энэ парламентын засаглал маань бас эрсдэлд орчих вий гэдгийг бид бүхэн бас бодож эцсийн эцэст асуудал болбол санал хураалтаар л шийдэгдэнэ. Тийм болохоор хэн нэгнийгээ доромжилсон гүтгэсэн, гутаасан субъектив байдлаар ч гэсэн дайрч доромжилсон иймэрхүү хандлага бол бидэнд тийм сайн зүйл авчрахгүй байх. Тийм болохоор нэлээн хүлээцтэй бодож болгоож бас үгээ хэлцгээе. Эргээд уулзах нүүртэй энэ улс орныхоо эрх ашгийг 1 дүгээрт тавьсан. Улс орныхоо эрх ашгийн төлөө хамтарсан ЗГ-ын мөрийн хөтөлбөрийг хэдийгээр АН гарч байгаа ч гэсэн цаашдаа бас хийж хэрэгжүүлж ард иргэдийнхээ бас амьдрал ахуйг бас өөд нь татахын төлөө бүгдээрээ бодоцгооё доо. Монголын ард түмэн бид бүгд их харж байгаа 126-тай парламент бас хүлээцтэй асуудалд ханддаг юм байна. Олон талаас нь ярьдаг юм байна. Асуудал мэдээж маргаж мэтгэлцэх зүйл байлгүй л яах вэ. Ингэхдээ аль болох хэрэлдэж хэлэлцэхгүй, зөвшилцөж ойлголцож, асуудалд бие биедээ хүлээцтэй хандах тал дээр л та бүгдийгээ санал бодлоо хэлээсэй гэдгийг л захиж хэлье ээ. Монгол Улс хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө энэ парламент илүү ачаа үүрч илүү ухаантай хандах ёстой шүү гэдгийг дахин хэлье.

ШИНЭ МЭДЭЭ