МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.06.02
Улстөр

Ж.Чинбүрэн: Санал хураалт нээлттэй байгаасаа.Итгэл үзүүлэхгүй гэдгээ шууд хэлчихье

УИХ-ын чуулганы 2025/06/02 өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудал /“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/-ыг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн байр суурь илэрхийллээ.

1992 оноос хойш батлагдсан Үндсэн хууль анх удаагаа Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх гэж анх удаагаа бид итгэл үзүүлэх тухай ярих гэж байна. Нэгэнт Ерөнхий сайдын өөрийнх нь хэлж байгаа зүйл дээр сонгодог парламентын асуудлыг нэлээдгүй ярьж байгаа. Сонгодог парламент гэдэг утгаараа бид ер нь энэ санал хураалт асуулгыг нэлээн дэлгэрэнгүй нээлттэй ярих хэрэгтэй гэж бодож байгаа. Бидэнд байгаа нэг чухал зүйл бол бид ард түмний төлөөлөл. Бид ард түмэндээ дүнгээ тавиулах ёстой. Сонгогдсон тойргийнхоо иргэдтэй очоод уулзахдаа бид яаж саналаа өгсөн юм бэ гэдгээ ил тод ярьдаг ийм соёлд сурмаар байгаа юм. Дандаа ордны хөшигний ард явдаг ийм улс төр хийдгээ больцгооё. Илэн далангүй, хэн, ямар гишүүн, өөрийн ямар байр суурьтай байгаа гэдгээ ил тод ярьж сурдаг баймаар байгаа юм. Энэ бол улс төрийн нэг том соёл болох байх гэж бодож байна. Тэр ч утгаараа би Ерөнхий сайдын ахалсан ЗГ-тай холбоотой зарим зүйлийг бас шүүмжилмээр зүйлүүд зөндөө байна. Тухайлбал эрүүл мэндийн салбар өнөөдөр ямар байдалтай болчхоод байна. Ерөнхий сайдад бодлогын олон баримт бичгүүдийг бас танд хэлж ярьж шүүмжлэлтэй хандаж байсан. Шударга ёс тогтоох том үйлс нь эрүүл мэндийн салбарт лав тогтоогдоогүй. Авлигачныг авлигачнаар солих эрүүл мэндийн салбарын сан хөмрөг хоосорсон. Эмч эмнэлгийн ажилчид цалин хөлс нь хүрэхээ больсон. Квот тогтоодог. Иргэд эмнэлэг дээр очоод эмчилгээ хийлгэх боломжгүй болсон. Энэ бүхэн бол ерөөсөө л энэ тогтолцооны том алдаа байлаа. Одоо таны ЗГ-т байгаа Шадар сайд хүртэл хэлж байна шүү дээ. Дамын наймаачдаасаа салаагүй цагт эрүүл мэндийн салбар өөрөө эрүүл болохгүй ээ гэж үг хэлж байна шүү дээ. Энэ нөхцөл байдлыг арилгах гэж би өөрөө хүртэл эмийн сонсголыг ахалж ажиллаж эрүүл мэндийн салбарын өвчнийг нь оношлоод эмчлэх жорыг нь хэлээд өгсөн шүү дээ. Хэрэгжүүлсэн юм байхгүй. Эмийн чанаргүй байдал тэр битгий хэл. Хөлдүү шингэнийг хүртэл дусал хийчихсэн ийм байдалтай байж байгаа явдал бол энэ эрүүл мэндийн салбарт үнэхээр шударга ёс тогтсон уу гэдэгт эргэлзэхэд хүргэж байгаа юм. Тийм учраас бид ер нь бол энэ салбарын ялангуяа эрүүл мэнд, боловсролын салбарыг том мега төслүүд ярьж болно тэгэхдээ энэ том 2 салбараа бид хаяж яагаад ч болохгүй. Эрүүл хүн байж Монгол Улс маань хөгжинө. 2025 оны төсөв ярьж байхад зарим нэг албан тушаалтнууд эрүүл мэндийн салбарт дэмий хөрөнгө оруулалт хийж байх ер нь хэрэг байна уу гэдэг үг хэлж байсан шүү дээ. Таны кабинетад ажиллаж байгаа зарим албан тушаалтнууд. Эрүүл хүн хөдөлмөр хийж байж татвар бүрдүүлж Монгол Улсын төсвийг бүрдүүлж байгаа шүү дээ. Эрүүл мэндийн салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалт нь хэдэн цемент байшинд оруулж байна аа үр өгөөжгүй байна аа гээд хээвнэг хэлээд сууж байсан. Энэ бол арай хэтэрсэн зүйл ярьж байсныг би зориуд сануулж хэлмээр санагдаж байна. Тийм учраас өөрийнхөө сая хэлсэн үгэндээ сонгодог парламентыг бүрдүүлэх тал дээр Их хурлын гишүүд  үзэл бодлоо хэлэхээс айгаад байх зүйл байхгүй гэж бодож байна. Шударга хэлэх улсууд зөндөө байгаа. Тийм учраас би бас сонгодог парламентын нэг үлгэрлэл болоод санал хураалт нээлттэй байгаасаа. Би итгэл үзүүлэхгүй гэдгээ шууд хэлчихье.

ШИНЭ МЭДЭЭ