2025.05.30
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт
Д.Рэгдэл: Түлшний стандарт гэдгийг түүхий эддээ тохируулж хийдэг зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй
УИХ-ын чуулганы 2025.05.30ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлт хэлэлцлээ.
Уг тайлантай холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Рэгдэл асуулт асууж, үг хэлэв.
Ерөнхий хяналтын сонсголд хоёр удаа оролцсон. Санал бодлоо хэлж байсан. Анх яаж авсан нь мэдэх юм алга. Байнгын хорооны санал дүгнэлтээр ч дурдсан юм алга. Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар хамгийн хурцаар яригдаж шийдвэрлэсэн үе бол 2017 оны 1 дүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайдаар захирамж гаргаад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Ажлын хэсэгт миний бие дэд ахлагчаар ажиллаж байсан. Ажлын хэсгээс агаарын бохирдлыг бууруулахад 4 чиглэл барьж явах нь зүйтэй байна гэсэн дүгнэлт гарсан. Сая сонсголын үеэр сонсоход өмнөх 4 зүйлээс өөр шинэ зүйл гарч ирэхгүй байгаа юм. Яагаад гэвэл ажлын хэсгээс өмнөх хийсэн тайлан тооцоог эргэж харсан хүн байгаагүй гэж харж байгаа юм. Уг тайланг 2017 оны 04 дүгээр сард Засгийн газарт хүлээлгэн өгсөн. Энэ тайланг хүлээн авч анхаарч үзээч. Уг төслийн дүгнэлтэд:
Нэгдүгээрт, Түлш зуухаа сайжруулах
Хоёрдугаарт, Дулаалгаа сайжруулах
Гуравдугаарт, Цахилгаанаар халаах
Алсдаа орон сууцжуулах гэсэн 4 санал тооцоо шинжилгээтэй байгаа.Хамгийн түрүүнд гэрийн дулаалгын ажил хийх шаардлагатай гэдгийг Лувсанжамц гишүүн яг яриад байгаа. Манай ажлын хэсэг гэрийн дулаалгын асуудлыг Тосонцэнгэл, Улаанбаатар хотод таван ханатай гэрт туршилт хийж үзээд дулаалгыг зүй ёсоор хийхэд эрчим хүчээр халаах зардал 60 орчим хувиар буурч байгааг тогтоогоод өгсөн. Монголын зах зээл дээр байгаа материалаар гэрийн дулаалга хийж болох юм байна гэх мэт өмнөх тайлан мэдээнээс дараагийнхаа ажилд ашиглавал их мэдээлэл байгаа. Энэ асуудал дээр бид харах зүгээ нэг чигт хандуулмаар байгаа юм. Саяны сонсгол дээр түлшний стандартыг нэлээн шүүмжиллээ. Түлшний стандарт гэдэг чинь түүхий эддээ тохируулж хийдэг зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Ямар түүхий эдээр түлш хийнэ тийм л түлш гарч ирнэ. Махаар бууз хийвэл махан буузны стандарт гэдэгтэй адилхан. Түлшний стандартыг түлшиндээ тааруулж хийгээд хүндээ тааруулж хийсэнгүй гэж шүүмжилж байгаа хүмүүсийн шүүмжлэл бол ямар ч шинжлэх ухааны үндэслэл байхгүй. Модоор хийвэл модон түлш, модон түүхий эддээ тааруулсан стандарт гарах юм. Модон шахмал түлшний асуудлаар та бүхэн юу гэж бодож байгаа вэ? Хувийн хэвшлийн зарим саналуудыг харахад Тавантолгой түлш компанид зэрэг түлшинд зориулж байгаа зардлыг 50 хувиар, цэвэр модны үртсэн шахмал түлшийг гаднаас авах боломжтой гэж танилцуулаад байгаа. Үүнийг судалж үзсэн үү? Ингэвэл агаарын бохирдол эрс буурах нь маш тодорхой. Нөгөө талаасаа Тавантолгой түлш компанид ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл мэндийг бодох ёстой. Хэдэн жил ажиллаад силокозтой болно. Дараа нь тэднийг эмчлэх зардал гээд гарна. Тиймээс түлш солих тал дээр та нар ямар бодолтой байна вэ?
Түүний асуултад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа хариуллаа
ШИНЭ МЭДЭЭ
