С.Бямбацогт: Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх асуудлаар байнгын хороо дээр санал хураалгах шаардлагагүй
Төрийн байгуулалтын байнгын хорооны 2025/06/02 өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудал /“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/-ыг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт байр суурь илэрхийллээ.
Тэрбээр, Л.Оюун-Эрдэнийн ЗГ сайн ажилласан. АН-ын сайд нар ч сайн ажилласан. Олон том төслүүд хөдөлсөн. Өнөөдөр энэ асуудал хэлэлцэгдэж байгаад харамсаж байгаа. Уулын мод бас урттай богинотой, олон хүн сайнтай муутай. Сайд нар хуралдаа суудаг, суудаггүй гээд л гэж ярих шаардлагагүй. Онцлоод ярих хэрэгтэй. Хоорондоо битүү хатуу үг хаялцаад, хоорондоо үл ойлголцол үүсдэг. Үүнээс улбаалан үзэн ядалт болж, төр тогтворгүй болдог. Ингээд эцэст нь ард түмэн зовдог. тиймээс үл ойлголцол гэдэг юм баймааргүй байгаа юм. Улс төр, дэлхийн геополитикийн нөхцөл байдал амаргүй байна. Монгол Улсын үндэсний эрх ашиг, эв нэгдэл бидэнд хэрэгтэй. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэж ярьдаг. Чуулганы хуралдааны дэгийн тухай хууль хараад сууж байхад Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлаар байнгын хороон дээр санал хураах шаардлагагүй. Цэцийн гишүүнийг томилох, Ерөнхий сайдыг томилох, чөлөөлөх, Ерөнхийлөгчийг огцруулах эсэх асуудал гээд олон асуудал дээр байнгын хороон дээр санал хураалт явуулна, заримыг нь ил зарим нь нууц санал хураалт явуулна гээд биччихсэн байгаа юм. Тэгвэл Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудал дээр байнгын хороо санал дүгнэлт гаргана гэсэн болохоос нууцаар эсвэл ил санал хураалт явна гэсэн зүйл байхгүй. Тиймээс байнгын хороон дээр санал хураалгах шаардлагагүй, чуулган дээр санал хураалтаа явуулъя гэсэн санал байна. Энэ хүрээнд горимын санал гаргаж байна. Энэ горимын саналаар санал хураалт явуулж өгнө үү гэв.
ШИНЭ МЭДЭЭ





