2025.06.02
Улстөр
О.Батнайрамдал: Дүгнэлт хийж, хэрсүү байж шийдвэр гаргах ёстой
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны /2025.06.02/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:
Өнөөдөр Монгол Улсад болж байгаа процессыг том зургаар нь дүгнэлт хийх ёстой. Энэ хавар зохион байгуулалттай нэлээн л зүйл боллоо. Үүний ард яригдахгүй үлдчих вий гэсэн том сэдэв байна. Олон арван жил хүлээж арай гэж батлуулж авсан Үндэсний баялгийн сангийн тухай хууль. Энэ хууль хэрэгжээд баялгийн хэлцлүүд яваад эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нэг ч хэлцэл эцэслэгдээгүй. Энэ ганцхан Монгол Улсад яваад байгаа зүйл биш. Байгалийн баялгаас хэт хамааралтай орнууд олон байдаг. Монгол Улсын улс төрийн процесс дээр болж байгаа үйл явц бол байгалийн баялгийн шударга хуваарилалтыг бид нар хийж чадах уу, үгүй юу, үүний ард гарч чадах уу үгүй юу гэсэн тэмцэл явж байгаа. Цөөхөн хэдхэн бүлэглэл энэ байгалийн баялгаас орж ирж байгаа орлого дээр эзэн сууж хяналтдаа байлгасаар байх уу. Эсхүл Үндэсний баялгийн сангаар дамжуулж орон сууц, эрүүл мэнд, боловсрол руу хөрөнгө оруулалтыг хийх тэр шуудууг бид нар нээж өгч чадах уу? Замби, Перу, Боливи, Нигер, Индонез гэх бид бүхний сайн жишиг авдаг улс. Чилид ч гэсэн яг болж байсан процессууд байгаа. Улс орнуудын доройтлын шалтгаан гээд 2024 оны эдийн засгийн нобелийн шагналт хүний бичсэн ном бүгдийг нь тайлбарлаад өгчихсөн байгаа. Энийг бүгдээрээ уншаасай гэж хүсэж байна. Энэ орнууд дотор Папуа Нэгини гээд улс байгаа. Ерөнхий сайд нь баялгийн сангаа байгуулаад мөнгөжүүлж чадалгүй улс төрийн нөлөөнөөс болоод унаж байсан ийм л асуудал. Тэгэхээр энэ том зургаараа бид нар дүгнэлт хийж хэрсүү байж шийдвэр гаргахгүй бол өнөөдөр нэг жижигхэн деталь руу орох тоолондоо төөрнө өө. Төөрөгдүүлэх PR ч хангалттай явлаа. Үүнээс хамгаалахын тулд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт орж 126 гишүүнтэй болсон. Тэгэхээр одоо таны манлайлж байгуулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 126 гишүүнтэй болсон энэ шинэ парламент маань 10 сар хүрэхгүй дахиад итгэл хүлээлгэх үү үгүй юу гээд сууж байна. Тэгэхээр энэ дээр та дүгнэлтээ хийх хэрэгтэй. Ард түмэн бүгдээрээ харж байгаа. Нээлттэй ярих хэрэгтэй. Энэ нь буцаад дараа дараагийн ийм асуудал гарахад протоколоороо бүгдэд нь үлдэх ёстой л гэж бодож байгаа.
Түүний асуултад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
