О.Батнайрамдал: 126 гишүүнтэй парламент өмнөх алдааг дахиад давтах уу, эсвэл эрүүлээр харж, эвлэлдэн нэгдэж, шийдэл гаргах уу гэдэг том сорилттой нүүр туллаа!
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны /2025.06.02/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнайрамдал дараах байр суурийг илэрхийллээ.
Тогтворгүй Засгийн газар 1,5 жилийн настай явж ирсэн, том төслүүд нь урагшилдаггүй байсан. 1992 онд ардчилсан үндсэн хуулиа баталж байхад 5 дугаар цахилгаан станцын асуудал яригдаж байсан. Протокол дээр нь байдаг. Өнөөдөр бид нар хийж бүтээгээгүй л явж байгаа. Ийм асуудлууд байсан учраас үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийж, лоббид автдаг 76 биш 126 болох ёстой юм байна. Эх орны эрх ашиг дээрээ нам хамтрахгүйгээр бүгдээрээ нэгдэж, энэ том төслүүд урагшлах юм байна гэж агуулгаар 126 гишүүнтэй болсон гэж ойлгож байгаа. Энэ 126 гишүүнтэй парламентын хамгийн том сорилт нь 10 сарын дараа ирж байна. Урьд нь хийж байсан алдааг дахиад давтах уу, эсвэл эрүүлээр харж, эвлэлдэн нэгдэж, шийдэл гаргаж явах уу? Үүнийгард түмэн бүгдээрээ харж байгаа шүү.
Энэ 126 Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн мөн чанар дээр зогсож чадах уу, Томтөслөө урагшлуулж чадах нь уу? Хамгийн гол нь байгалийн баялгийн шударга хуваарилалтыг хийж чадах нь уу. Оюутолгой Онтрын асуудлыг шийдэж чадах нь уу? Үндэсний баялгийн сан үнэхээр мөнгөжих нь үү, эсвэл дахиад л нэг яриа болоод үлдэх нь үү. Үүнээс биш ард түмэн бид нарын ярьж байгаа нэг деталийг тоохгүй. Монгол Улсын их потенциалыг ашиглаад бид нар урагшилж чадах нь уу, үгүй юу. Ард түмний өмч гэж Үндсэн хуулиараа тунхагласан байгалийн баялгийн шударга хуваарилалтыг орон сууц, эрүүл мэнд, болоод очих нь уу, үгүй юү, миний хүүхдэд боловсрол болоод очих нь уу, үгүй юү, надад эрүүл мэндийн чанар болоод ирэх нь уу үгүй юү л гэж харж байгаа. Монгол Улсад өнөөдөр тохиолдож байгаа энэ улс төрийн асуудал олон оронд тохиолдож байгаа.
Латин, Америк, Африкийн орнууд, Азийн орнууд давдаг нь даваад гараад улс эх орноо хөгжүүлээд л явсан. Давж чадаагүй нэг нь хэдэн элит тэр баялгийг контролдож байгаа хэдэн нөхдийнхөө дунд ороод, чөтгөрийн тойргоосоо хэзээ ч гараагүй олон орнууд байж л байгаа. Тэгэхээр эрхэм гишүүд минь бүгдээрээ үүн дээр том зургаараа харж том агуулгаараа харж шийдлээ л гаргах ёстой. Харин ямар ч шийдэл гарсан, бид ямар ч үйлдэл хийсэн ард түмнийхээ өмнө нээлттэй, ил тод, нуух хаах юмгүйгээр л явуулах ёстой. Энэ бол зарчим шүү. Бид нар ийм амлалтыг өгч ард түмнээсээ сонгогдсон. Тийм учраас яг энэ амлалтынхаа хүрээнд ямар ч шийдвэр гарсан, тэдний өмнө нээлттэй ил тод ярьж, нээлттэй ил тод саналаа өгч бид нар шийдэх л ёстой. Гэхдээ энэ асуудал явсаар байгаад бас УИХ-аар орж ирдэг нь бол зарчмын хувьд маш зөв.
Дараа дараагийн парламентууд, гишүүд бас яг энэ үед юу болж байсан бэ, хэн юу хэлж байсан бэ гээд бүх протоколыг нь дараа нь авч үзэх болов уу гэжбодож байна. Магадгүй 4, 8 жилийн дараа, мэдэхгүй хэдэн жилийн дараа ч... Том агуулгаа харж бид бүхэн үүн дээр эх орныхоо төлөө, эх орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавьж шийдвэр гаргаасай л гэж чин сэтгэлээсээ хүсмээр байна.
ШИНЭ МЭДЭЭ
