МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Г.Уянгахишиг: Хэвлэлийн эрх чөлөөний тухай гэж хуулиа явцууруулаад ХМБ-ын тухай болгож өөрчлөх нь зөв эсэхэд эргэлзэж байна
2025.05.14
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Г.Уянгахишиг: Хэвлэлийн эрх чөлөөний тухай гэж хуулиа явцууруулаад ХМБ-ын тухай болгож өөрчлөх нь зөв эсэхэд эргэлзэж байна

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны /2025.05.14/ өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хурлын үеэр ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов хүний эрхийн хамгаалагчийн гол бүрэлдэхүүн хэсэг болох сэтгүүлчдийн өнөөгийн нөхцөл байдалд хийсэн судалгааны дүнг танилцуулсан юм.

Ингэхдээ ХЭҮК-т ирсэн гомдлууд, шүүхээр шийдэгдсэн кэйсүүдэд дүн шинжилгээ хийсэн бөгөөд судалгаанд 430 орчим сэтгүүлч оролцсон гэлээ. Сэтгүүлчдийн зүгээс улс төрийн хараат нөхцөл байдал ажиллахад нөлөөлж байна, эдийн засгийн хувьд хараат бус байж чадахгүй байна, сэтгэл санааны болоод гадны хүчирхийлэлд өртөх нь их байна, сэтгүүлчдийг хууль бусаар цагдан хорьж, ял шийтгэл оноож үзэл бодлоо илэрхийлэхэд бэрхшээл учруулж байна гэсэн байр суурийг илэрхийлжээ. ХЭҮК-оос дүн шинжилгээ болон сэтгүүлчдийн байр суурьд үндэслэн есөн саналыг боловсруулснаа танилцуулсан юм.

Үүний долоо нь хууль тогтоомжтой холбоотой санал бөгөөд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгад сэтгүүлчийн эх сурвалжийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг олон улсын стандартад нийцүүлэн тусгах, Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх, иргэний нэр төр, алдар хүндийн талаарх хуулийн зохицуулалтыг санаатай худал мэдээлэл тараах болон сэтгүүлч мэргэжлийн алдаа гаргах гэсэн ойлголтыг ялгаж зохицуулах зэрэг саналуудыг тусгажээ.

Дээрх хоёр танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотой асуудлаар тодруулсан.

Тэрбээр одоо хүчин төгөлдөр байгаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулиа хөндөхгүйгээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлч, тухайн редакцын чөлөөт байдал, эх сурвалжаа нууцлахтай холбоотой асуудлыг бусад хуулийн зохицуулалтуудаар хэрэгжүүлээд явах боломж бий эсэхийг лавласан. Хэвлэлийн эрх чөлөөний тухай гэж хуулиа явцууруулаад хэвлэл мэдээллийн байгууллагын тухай болгож өөрчлөх нь зөв эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлээд, олон улсын сайн туршлагыг судалгааны хүрээндээ хэрхэн дүгнэсэн талаар асуусан.

ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нийтийн мэдэх эрхийг хангах зорилгоор ажиллах бөгөөд төрөөс хараат бусаар үйл ажиллагаа явуулах боломжийг нь бүрдүүлсэн байх шаардлагатай гэж үздэг гэлээ. Мөн дагаж гарсан бусад хуулиудаар аливаа хязгаарлалтыг хийхгүй байх нь зохимжтой гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль өргөн агуулгыг багтааж чадсан. Тийм учраас үүнийг хумихгүйгээр, өөрийн орны онцлог, нөхцөл байдалд тохирсон байдлаар хуульчлах нь чухал хэмээгээд, сэтгүүлч нууц материал олж аваад түүнийгээ мэдээлсний төлөө хариуцлага хүлээлгэж|, ял оноож байгаа нь хэвлэлийн эрх чөлөөг бүдүүлгээр зөрчиж байгаа үйлдэл гэлээ. Тэрбээр, Хүний эрхийн хамгаалагчийн хамгийн гол бүрэлдэхүүн хэсэг нь сэтгүүлч байдаг. Сэтгүүлчийг олон улсын хэмжээнд хүний эрхийн хамгаалагч гэж үздэг учраас үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулах, нийтийн мэдэх эрхийг хангах, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг нь өргөн агуулгаар хуульчилсан байдаг. Тийм учраас сэтгүүлчийг үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, хэвийн хэвийн явуулах боломжийг олгох шаардлагатай гэж ингэж үзсэн гэсэн хариултыг өгсөн юм.

Байнгын хороо ХЭҮК-ын илтгэлийг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтээ хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

ШИНЭ МЭДЭЭ