МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.04.17
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Ц.Мөнхбат: Мөнгө хэрэгтэй болохоороо Өмнөговь руу, тээвэр ярихаараа Дорноговь руу давхиад байдаг ч бүс нутагтаа үлдэх өгөөжөө ярьдаггүй

Улсын Их Хурлын Чуулганы өнөөдрийн /2025.04.17/-ны өдрийн хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.03.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат:

Уул уурхайн биржийн тухай хуулийг хэлэлцэх нь их чухал юм. Батлагдаад удаагүй байгаа. Шинээр хэрэгжиж байгаа учраас алдаа, оноотой янз янзын байдлаар батлагдсан зүйлүүд ч байгаа. Ийм чухал асуудлыг энэ цаг үед оруулж ирж байгаа нь гарцаагүй бидэнд тулгараад байгаа эдийн засгийн нөхцөл байдалтай ч холбоотой, улс орны төсвийн бүрдэлттэй ч хамааралтай ийм л хуулийг бид ярилцаж байна. Энэ хуулийг миний хувьд дэмжиж байгаа. Бид байгаа байгалийн баялгынхаа түүхий эдийг баялаг болгож экспортлох, борлуулах эдийн засгаа тэлэх олон суваг боломжуудыг нээх нь зөв. Нэг талаасаа Засгийн газрын үүрэг.  Өнөөдөр энэ асуудлыг оруулж ирж байгаа Ц.Туваан сайд, Б.Дэлгэрсайхан сайд нар чухал асуудал дээр гал аваад, санаачилга гаргаад энэ ЗГ-ын нүүрийг тахалж байгаа цөөхөн сайд нарын нэг мөн. Тийм учраас сайд нарынхаа асуудлыг дэмжинэ. Зарим гишүүд улс төрийн өнгө аяс үнэртүүлээд асууж байна. Ногдол ашиг 90 мянган төгрөг хавтгайруулан тараасан асуудал чинь одоо ЭБАҮ-ийн сайдаас асуугаад байх зүйл мөн үү? Тийшээ наагаад байх асуудал мөн юмуу? Ерөнхий сайд, Сангийн сайддаа хэлэх ёстой асуудал байх. Хууль хэлэлцээд явж байхад яалтачгүй манай говийн бүстэй холбогдож байна. Мөнгө хэрэгтэй болохоор л Өмнөговь руу давхидаг, тээврийн асуудал зохицуулах болохоороо Дорноговь руу давхидаг ийм л юм болоод байгаа юм. Бүс нутгийн хувьж өгөөж гэх үү, хөрөнгө оруулалт гэх үү ийм зүйл байдаггүй. Эдийн засаг хүндрэхээрээ л тийшээ  давхиж очоод бөөн бөөнөөрөө хуралдаад л байдаг. Тэгэхээр бүс нутагтаа ямар үр өгөөжтэй байх талаар яримаар байна.

10.5-д Уул уурхайн бүтээгдэхүүний баяжуулалт, боловсруулалтын түвшин нэмэгдүүлж нэмүү өртөг шингээж экспортлох зорилгоор дотоодын баяжуулах боловсруулах үйлдвэрт биржээр дамжуулан арилжиж болно гэсэн дээр яг ямар уул уурхайн бүтээгдэхүүнүүд байгаа эсэхийг тодруулъя. Зөвхөн нүүрс үү, зэс төмөр бусад бүтээгдэхүүнүү орох уу?

Мөн биржийн хууль шинэчлэгдээд явбал хэчнээн сая бүтээгдэхүүнээр нэмэгдээд явах боломж байгаа вэ гэдгийг асуумаар байна. Мэдээж үүнийг баяжуулаад, боловсруулахад ус хэрэг болно. Ус нь хаана байгаа юм? Гүний усаар хийх юмуу, одоо яах вэ? Говийн бүс усгүй сүйд болж байгаа.

Тээвэртэй тээвэргүй үнийн нөхцөл гэж бий. Үүнээс болоод маш олон тээврийн компани дампуурсан. Хятадтай гэрээлсэн том аж ахуйн нэгжүүдийн тээвэр яваад, цөөн хэдэн машинтай жижиг компаниуд бүгд дампуурсан. Энэ асуудлаар ямар зохицуулалт орж ирэх вэ? Тээврийн тендер чинь зөв шийдэл мөн үү? Гэдгийг Б.Дэлгэрсайхан сайдаасаа асууя.

ШИНЭ МЭДЭЭ