
Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөд холбогдох байгууллагуудаас санал авахаар болов
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн (2025.04.15) хуралдаан 14 цаг 44 минутад гишүүдийн 59.1 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэв.
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр хуралдаан эхэлж, ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг танилцууллаа.
Засгийн газраас 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг 4 дүгээр сарын 04-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслөөс бусад хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороодод шилжүүлсэн. Хууль зүйн байнгын хороо дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулахдаа хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох шийдвэрийг гаргасан юм. Г.Уянгахишиг гишүүн тус ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат П.Сайнзориг нар ажилласан байна. Ажлын хэсэг хоёр удаа хуралдахдаа хууль санаачлагч болон хуулийн төслийг боловсруулахад оролцсон ажлын хэсгээс зарим тодруулгыг авсан хэмээн Г.Уянгахишиг гишүүн танилцууллаа.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсэгт заасныг үндэслэн Байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулахаас өмнө хууль зүйн дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж ажлын хэсэг үзжээ. Тодруулбал, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлд “…төлбөрт таавар, бооцоот тоглоом цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно…” гэсэн агуулгатай 20 дахь заалтыг Зөвшөөрлийн тухай хуулийн “Зөвшөөрөл олгох, сунгах, шинээр бий болгоход баримтлах зарчим, хэрэгжүүлэх хүрээ” гэсэн 1.5 дугаар зүйлд нэмэхээр төсөлд тусгасан нь хууль зүйн техникийн шаардлага болон хууль хоорондын нийцлийг хангаж байгаа эсэх, тодорхой үйл ажиллагааг эрхлэхийг хориглох зохицуулалт нь уг хуулийн зорилтод нийцэж байгаа эсэхээр хууль зүйн дүгнэлт гаргуулах нь шаардлагатай гэв. Түүнчлэн тодорхой салбарын хуулиар, эсвэл бие даасан аль нэг хуулиар хориглоогүй аливаа харилцааг шууд Эрүүгийн хуульд гэмт хэрэг хэмээн тооцохоор нэмж хуульчлах нь эрх зүйн хувьд сөрөг үр дагавартай бөгөөд гэмт хэрэгт тооцох үйлдлийг бүрэн тодорхойлж зохицуулаагүй байдал нь аливаа этгээдийг хэлмэгдүүлэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, эсвэл ял завшуулах эрсдэл үүсгэж болзошгүй гэв. Иймд Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйл нь хууль зүйн техник, хууль эрх зүйн хувьд зөрчилтэй эсэх, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд боломжит хувилбарын талаар тус тус хууль зүйн дүгнэлт гаргуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Эрүүгийн хуульд нэмэлт оруулснаар шинээр гэмт хэргийн зүйлчлэл бий болгож байгаа тул хуулийн төсөлтэй холбогдуулан Хүний эрхийн Үндэсний Комисс, Улсын дээд шүүх болон Улсын ерөнхий прокуророос зайлшгүй санал авах шаардлагатайг мөн дурдсан. Дээр дурдсан хууль зүйн дүгнэлт, холбогдох байгууллагуудын саналыг авсны үндсэн дээр Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдэд тусгагдсан асуудлаар хууль зүйн техникийн засвар хийх, зарим нэр томьёог оновчтой болгох, хууль хоорондын нийцлийг хангах зарчмын зөрүүтэй саналуудыг боловсруулан ажиллах шаардлагатай хэмээн ажлын хэсэг үзжээ.
Г.Уянгахишиг гишүүний дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Х.Тэмүүжин, Б.Заяабал, Д.Цогтбаатар нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Эрүүгийн хуульд нэмэлт оруулахдаа Улсын дээд шүүх болон Улсын ерөнхий прокуророос санал авах хуулийг хэрэгжүүлж ажиллахыг гишүүд сануулаад, салбарын яамнаас бодлогоо зангидаж ажиллах шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлж байлаа. Монгол Улсын иргэнийг яллах, эрх чөлөөг хязгаарлахтай холбоотой асуудлыг хөнддөг учраас Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яам тухайлан судалгаа хийж, дүгнэлт гаргадаг зарчмыг тодотгож байсан юм. Үүний зэрэгцээ тухайн харилцааг зохицуулсан ерөнхий хуулийг батлах, үүнээс улбаалан тухайн хуулийг зөрчсөн тохиолдолд аль үйлдэлд нь эрүүгийн хариуцлага тооцох, аль үйлдэлд зөрчлийн хариуцлага тооцохоо тодорхойлдог байх зарчмыг гишүүд онцолж байв. Хууль хоорондын нийцлийг хангах, хуулийн төсөл дэх зохицуулалтыг өргөн хүрээнд, нарийвчилсан судалгаанд үндэслэн тодорхойлж, томьёолох шаардлага байгаа гэдэг байр суурийг илэрхийлсэн юм.
Ийнхүү гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа ажлын хэсгээс ирүүлсэн хоёр саналаар санал хураалт явууллаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсэгт заасны дагуу Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн холбогдох зүйлийн хүрээнд хууль зүйн дүгнэлт гаргуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулахаас өмнө дээрх хуулийн төслүүдийн талаар ажлын хэсгийн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь дэмжив. Ажлын хэсгийн саналууд дэмжигдсэн тул Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар хууль зүйн дүгнэлт гаргуулах Байнгын хорооны шийдвэрийг Улсын Их Хурлын Тамгын газарт хүргүүлж, мөн холбогдох байгууллагуудаас хуулийн төслүүдийн талаарх саналыг авахаар тогтов.