МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Голын эргийг байгалийн унаган төрхөөр нь хадгалсан амралт зугаалга, спортын бүс болгоход уриалав
2025.05.09
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Голын эргийг байгалийн унаган төрхөөр нь хадгалсан амралт зугаалга, спортын бүс болгоход уриалав

Улаанбаатар хот бол Хэнтийн нурууны салбар уулсын дунд, үзэсгэлэнт голуудын хөндийд оршдог байгалийн тогтоц сайхан газар. Туулаас гадна Гацуурт, Улиастай, Сэлбэ, Толгойтын баруун, зүүн салаа, Баян гол, Сонгино уулын судаг салаа, Богд уулын хойд ам, Богд уулын урд ам, Баянзүрх уулаас буух урсац гэх мэт 1000 квадрат км гаруй талбайг эзэлсэн гол горхиуд нийслэлийн нутаг дэвсгэрийг сүлжин урсдаг. Энэ бол томоохон хотуудад тэр болгон байдаггүй сайхан өгөгдөл юм.

Гэвч бид хотын түгжрэл, тоос, машины шуугиан дунд бухимдан байгалийн энэ сайхныг анзааралгүй өнгөрөөдөг.

Хэт нягтарсан барилгатай хотын төвийн хэсэгт голын эрэг хөвөө бол тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн, дугуйн, явган, гүйлтийн замыг олноор нь байгуулах үлдсэн ганц боломж юм. Мөн Усны тухай хуульд усны сан газрын хамгаалалтын бүсийг зааж өгсөн байдаг. Үүнийг хангуулж чадвал дээрх нийтийн чөлөөт цаг өнгөрүүлэх талбай, байгууламжуудтай болох боломж бий.

Тиймээс хотын төвөөр урсан өнгөрөх Сэлбэ, Дунд гол, Туул голын эрэг орчмын газрыг байгалийн унаган төрхөөр нь хадгалахын сацуу нийтийн амарч зугаалах, спортоор хичээллэх бүс болгон тохижуулахад олон нийт, шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах зорилгоор Gol фэйсбүүк групп, Ахиллис Монгол ОУБ-тай хамтран GOL Бүх нийтийн гүйлтийг 5/4-ний Ням гарагт зохион байгууллаа.

Гүйлтэд оролцогчид голыг байгалийн төрхөө хадгалсан чимээ аниргүй амрах бүс, гүйлт, дугуйн замтай спортын зурвас, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх эко ногоон орчин болгон хөгжүүлэх нь зөв гэдгийг онцолж байлаа.

10 км-ын зайд Дунд болон Сэлбэ голын эргийг дагаж гүйсэн GOL Бүх нийтийн гүйлтэд нийт 47 хүн оролцсоноос Эрэгтэй ангилалд,

1-р байрыг М. Сауиржан 36.07 минут,

2-р байрыг Б.Суврагахайрхан 36.33 минут,

3-р байрыг Р.Жадамба 36.40 минут,

Тусгай байрыг Э.Мөнхжин 37.26 минут,

Эмэгтэй ангилалд,

1-р байрыг Э.Бямбасүрэн 53.00 минут,

2-р байрыг А.Батчимэд 54.30 минут,

3-р байрыг Б.Болормаа,

Тусгай байрыг Б.Хишигдэлгэр нар тус тус эзлэв.

ШИНЭ МЭДЭЭ