МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.05.01
Хүний эрх

Д.Бум-Очир: Хэдий эвгүй харилцаа үүсэх ч хүчирхийлэгч таны ойр дотны хүн байна гэдгийг тогтмол сэрэмжүүлж хүүхдүүдээ бид хамгаалахаас өөр гарц одоогоор алга

УИХ-ын чуулганы /2025.05.01/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг сонслоо.

Уг илтгэлтэй холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир:

Энэхүү илтгэлд сэтгэл эмзэглүүлэм тоо баримт байгаад та бүхний анхаарлыг хандуулах гэсэн юм. Илтгэлийн 320-331 дүгээр талд байгаа насанд хүрээгүй хүний хүчиндэх гэмт хэргийн тухай нөхцөл байдлын хэсэгт 2020-2024 оны статистикийг танилцуулсан байна. 14-17 настай хохирогч болсон хүүхдийн тоо 66-аас 119 болж өссөн байгаа. Бага насны хүүхдийн тоо 138-247 болж өссөн байгаа. Ийн тасралтгүй өсөөд байгааг ХЭҮК хэлсэн. Сүүлийн жилүүдэд хуулийн заалтыг чангатгасан, ял шийтгэлийг хүндрүүлсэн, 2022 онд сэрэмжлүүлье гэдэг арга хэмжээ авсан, 2022 онд мөн бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдүүдэд туслалцаа үзүүлэх сэдэвт сургалтыг зохион байгуулсан хэдий ч энэ тоо буухгүй, улам өсөөд байгааг ялангуяа эцэг эхчүүд анхаарах шаардлагатай байна. Миний бодлоор бууруулахын тулд гэмт хэргийг онцлогийг нь судлах шаардлагатай байна. Ямар онцлогууд байна вэ гэхээр нэгд, энэ гэмт хэрэг тухайн хүүхдийн гэр оронд юмуу эсвэл хамаатан садны хүрээнд үйлдэгдээд байгааг бид онцлох ёстой. Хоёрт, үүнээс улбаалан энэ гэмт хэргийг хамгийн харамсалтай нь гэр бүл, хамаатан садны хүн үйлдэж байгаа гэх мэдээлэл бий. Нөгөө талаар ялангуяа бага насны хүүхэд гэрээсээ юмуу хамаатан садны гэрээс өөр газар хараа хяналтгүй байж энэ гэмт хэргийн хохирогч болох нөхцөл бололцоо бага гэдгийг бид мэдэж байгаа. Дээрх онцлог байдал дараах үр дагаварт хөтлөөд байна гэж харж болохоор.

Нэгд, олон нийтэд мэдээлэх нь нийгмийг сэрдхийлгэх, цочроох болзошгүй гэдэг эмзэг сэдэв учраас тэрбүр мэдээлээд байлгүй өнгөрдөг.

Хоёрт, гэр бүлийн юмуу, хамаатан садны хүн гэмт хэрэг үйлдэх тохиолдол их байдаг тул хэрэг үүсгэхгүй тохиолдол байгаад байна. Тиймээс хохироод шинжилгээ хийлгэсэн хүүхдийн тоо, хэрэг үүсгэсэн хүүхдийн тоо хооронд нэлээд зөрүүтэй байгааг та бүхэн илтгэлээс харж болно. Энэ хэргийн тоо магадгүй бидэнд мэдэгдэж байгаагаас илүү байж болзошгүйг онцлон дурдмаар байна.

Гуравт, гэр бүлийн орчинд энэ гэмт хэрэг гарах тохиолдол их байна гэдэг бол нөгөө талаар эцэг эх асран хамгаалагчийн хариуцлагын тухай асуудал хөндөгддөг. Энэ мөн хэрэг үүсгэхгүй байх магадлалтайг мөн дурдмаар байна.

Дөрөвт, хэргийг мөрдөх шалгах явцад эргээд хохирогчийн нэр хүнд, сэтгэл санаанд эрсдэл учруулах магадлалтай байдаг

Тавд, эцэг эх, асран хамгаалагч урдьчилан сэргийлье гэхэд ойр дотны гэр бүлийн гишүүдээ харамсалтай нь хардах шаардлагатай болдог. Мэдээж энд эвгүй харилцаа үүснэ. Гэр бүлийн юмуу хамаатны хүн хүчирхийлэгч байна гэж огт боддоггүй. Тиймээс урьдчилан сэргийлэх боломжийг энэ байдал тодорхой хэмжээгээр хязгаарлаад байна. Хэдийгээр тийм боловч бид эцэг эхчүүддээ анхааруулах шаардлагатай юм шиг бодогдож байна. Хэдийгээр энэ харилцаа эвгүй боловч, уучлаарай хүчирхийлэгч таны ойр дотны хүн байна шүү, гэр оронд чинь байна шүү гэдгийг анхааруулах, тогтмол сэрэмжүүлэх ажиллагааг хэдийгээр нийгэмд эвгүй боловч бид хүүхдүүдээ ийн хамгаалахаас өөр гарц үлдэхгүй байгаа юм болов уу. Энэ тал дээр ХЭҮК ямар байр суурьтай байна вэ?

Түүний асуултад ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ