МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.03.31
Улстөр

Х.Тэмүүжин: МУ-ын Аюулгүй байдлын олс хялгасан дээрээ тогтож байх вий гэж санаа зовниж байна

УИХ-ын чуулганы /2025.03.31/-ний өдрийн хуралдаанаар  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

Өнгөрсөн 5 жил юу болсныг үнэлцгээж байна. Засгийн Газар дотооддоо аудитын байгууллага үнэлэхээс гадна хөндлөнгөөс буюу ОУ-ын байгууллага хэрхэн яаж үнэлж байгаа тухай хэлэлцүүлэг эхлэхээс өмнө Д.Бум-Очир гишүүн хэлсэн. Монгол Улс дарангуйллын тогтолцоо руу шилжчихсэн юм бишүү гэж. ЗГ-ын тайланд том төслүүд дурдагдаад байгаа болохоос иргэний ардчилал, хуулийн засаглал руу хандаж юу хийснийг авч үзвэл маш сул. Энэ асуудлыг хэлэлцэхээс өмнө бид төмөр замын холболттой холбоотой өөр нэг асуудал хэлэлцсэн. Тэр үед Ерөнхий сайд маш ноцтой үг хэлсэн. “Монгол Улсад төр байхгүй болсны, хариуцлага алдагдсаны хамгийн том жишээ, Монгол Улсын ЗГ өөрөө хийсэн гэрээгээ өөрөөсөө олохгүй айлаасаа олж ирлээ” гэсэн. Үндэсний аюулгүй байдлын олс бараг хялгасан дээрээ зогсож байгаа юм бишүү гэдэг хардалт төрж, санаа зовнимоор. Яагаад ЗГ-ын архив дотор байгуулсан гэрээ нь байхгүй байна вэ? ЗГ дотроо байгаа алдаа завхрал, төр өөртөө байгаа ашиг сонирхлоо олж тогтоож чадахгүй байж алдаагаа яагаад биенес эрхлэгчдийн дундаас босгож ирээд байна вэ? Энэ бол бидний ардчиллыг хойш татсан сул үзүүлэлтийн нэг шүү. Монгол Улсын нэг албан тушаалтан архивийг айлын тал руу гаргахад тэр үйлдлийг нь таслан зогсоогоод төрийн том шагнал өгч байв. Энэ мэт галзуурал чинь төр дотор байгаа хариуцлагагүй байдлыг өөгшүүлээд байна. Сүүлд ЗГ түүхийг өөрчлөх гэж оролдсон аюултай үйлдэл хийсэн. Юмыг гацаадаг, хулгай хийдэг, гадны гар хөл болдог хэсэг нь эх орончид болж хувираад хуулиа мөрдөж, бизнесээ босгох гэж оролдсон хэсэг нь дайсан болоод хувирав уу. Мэдээллийг ийн бохирдуулж болохгүй. Ардчилал дампуураад байгаагийн шалтгаан энэ танхим дотор бий. Парламентын засаглалын толгой дээр гүйцэтгэх эрх мэдэл гараад суучихдаг улс манайхаас өөр байхгүй. Бусад ардчилсан орны жишигт Ерөнхий сайд нь гишүүнийхээ суудал дээр суудаг. ЗГ-ын хуралдааны танхимд УИХ-ын дарга хажууд нь сандал тавиад суувал энэ нь Үндсэн хуулийн зөрчил болно. УИХ-ын чуулган дээр спикерийн хажууд Ерөнхий сайд суувал мөн адил. Энэ асуудлаа шийдэж чадвал манай улс парламентийн ардчилалтай гэж хэлэх үгтэй болно. Парламентад мэтгэлцэх чанар байхгүй болсны шалтгаан энэ.

Түүний асуултад ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ