
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ
УИХ-ын чуулганы 2025.04.24-ний асуудлаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл хуулийн төслийг танилцууллаа.
Хуулийн төслийг хэвлэн нийтлэх эрх чөлөөний үндсэн мөн чанар болох бусдын нэр төр, алдар хүнд, нийгмийн ёс зүй, үндэсний аюулгүй байдалд хохирол учруулахгүйгээр хэвлэн нийтлэх боломжтой байх үзэл баримтлалын хүрээнд боловсруулсныг сайд тодотгов.
Хуулийн төсөлд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүл зүйн үйл ажиллагаа зэрэг нэр томьёог тодорхойлж өгснөөр иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнөөс сэтгүүл зүйн үйл ажиллагаа нь ялгаатай бөгөөд үүрэг, хариуцлага өндөртэй болохыг тодорхойлох ач холбогдолтой гэж үзжээ.
Хуулийн төсөлд 1998 онд батлагдсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль дахь үзэл санаа, зохицуулалтыг бүрэн тусгахын зэрэгцээ, хэвлэл мэдээллийн салбарт үүсээд байгаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх зорилгоор эзэмшлийн ил тод байдлыг хангах, эх сурвалжаа хамгаалах эрхийг баталгаажуулах, хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтын байгууллагын эрх зүйн үндсийг бий болгохтой холбоотой харилцааг тусгасан байна. Хуулийн төслийг боловсруулахдаа өмнө боловсруулж байсан төслүүдийн алдаа, оноог харгалзан үзэж, хэвлэл мэдээллийн салбарынхан болон олон нийтэд хуулийн төслийн үзэл баримтлалыг ойлгуулах, санал, зөвлөмжийг авах зорилгоор өргөн хүрээний хэлэлцүүлэг зохион байгуулан ажиллав хэмээн сайд мэдээлсэн.
Мөн тэрбээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь бүгд хуулийн этгээд хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах, 5 хувиас дээш хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч, төрийн байгууллагаас авсан төлбөртэй нийтлэл, нэвтрүүлгийн талаар мэдээлэл ил тод байх, хэт төвлөрлөөс урьдчилан сэргийлэх, хэвлэл мэдээллийн байгууллага нь мэргэжлийн редакцтайгаар үйл ажиллагаа явуулах, төрийн байгууллагаас хэвлэл мэдээллийн байгууллагын нийтэлсэн мэдээ, мэдээллийн талаар хүн, хуулийн этгээд тухайн редакцид болон өөрийн зохицуулалтын байгууллагад гомдол гаргах боломжтой байх, эх сурвалжийг нууцлах эрхийг баталгаажуулах зэрэг шинэлэг зохицуулалтуудыг тусгасныг дурдав.
Хуулийн төсөл батлагдсанаар Хэвлэн нийтлэх эрх, түүнтэй холбоотой бусад ойлголтуудыг нэг мөр ойлгох боломж бүрдэх, хэвлэн нийтлэх эрхийг өргөн хүрээнд тайлбарласнаар зөвхөн редакцтай хэвлэл мэдээллийн байгууллага бус олон нийтийн эрх ашгийн төлөө хэвлэн нийтлэх эрхээ хэрэгжүүлдэг бусад этгээдүүдийн эрхээ хэрэгжүүлэх боломж бүрдэх, хэвлэл мэдээллийн байгууллага мэргэжлийн үйл ажиллагааны хувьд хараат бусаар ажиллах, мэдээллийн эрх сурвалжаа хамгаалах эрхийг баталгаажуулснаар хууль бус байж болох үйлдлийг хэвлэл мэдээллээр дамжуулан илчлэх, хариуцлагатай, ёс зүйтэй, сэтгүүл зүй хөгжих боломж бүрдэнэ гэж үзжээ.
Хэвлэл мэдээллийн хэт төвлөрөл бий болохоос сэргийлснээр олон ургальч үзэл оршин тогтнох орон зай нэмэгдэж, эзэмшигч ил тод, нээлттэй байснаар хэвлэл мэдээллийн хэрэгслийг улс төр, бизнесийн болон бусад хувийн зорилгоор ашиглахгүй болно гэж сайд О.Алтангэрэл танилцууллаа.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа.