МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Нобелийн шагналт Лех Валенса Монголын тухай юу хэлэв...
2025.03.24
Гадаад харилцаа

Нобелийн шагналт Лех Валенса Монголын тухай юу хэлэв...

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал Лех Валенса гэх эрхэмтэй ярилцсан тухайгаа өөрийн цахим хуудаснаа нийтэллээ. 

Лех Валенса гэж хэн бэ? Тэрбээр үйлдвэрийн ажилчдын бослогыг удирдаж, түүнийг өргөжүүлэн Польш даяар эрх чөлөөний төлөөх Солидар хөдөлгөөн болгож, сүүлдээ дэлхийн бөмбөрцгийн соц блокоор халдварлаж, дарангуйллыг нураахад онцгой нэмэр оруулсан бөгөөд Польш улсын Ерөнхийлөгчөөр 1990-1995 онд ажиллаж байсан, 1983 оны Нобелийн Энхтайваны шагналт, Польшийн ардчилсан хувьсгалын нэрт удирдагч, удаа дараагийн эрх чөлөөний хөдөлгөөнийг удирдаж байсан эрхэм юм.

Лех Валенса хэлэхдээ,

"Дэлхий маш сонин байдалтай болчхоод байна! Улс орнууд нийтлэг үнэт зүйлсээрээ нэгдэхийн оронд өөрийн явцуу эрх ашгаа өмнөө тавих боллоо. Популист улстөржилт газар авч байна. Ардчиллыг хэрэгжүүлэх гэж бүтээсэн тогтолцоог ашиглаад дарангуйлал тогтоодог боллоо. Барууны ардчилал гажуудаж байна. Энэ тогтолцоог сайжруулах шаардлага үүслээ. Харин яаж?

Одоо бид бүгдээрээ хамтдаа хэлэлцэж, шийдэл олох хэрэгтэй байна. Олон талаас нь идэвхтэй ярилцах, хэлэлцэх! Ингэж байж ардчиллыг сайжруулах арга замыг олно. Тэгэхгүй бол дэлхий дахин хуваагдана. Дахиад л дайн дажин.

Та нар Монголдоо ардчиллыг бэхжүүлэхээр ажиллаж байна гэлээ. Ямар ардчиллыг? Хуучин ардчилал уу, шинэ ардчилал уу? Хуучин бидний тэмцлийг давтах хэрэггүй. Шинэ ардчиллыг хэрхэн бүтээх талаар бодоорой.

Хамгийн гол нь улстөрчдийг сольж чаддаг байх. Солигдохгүй, сольё гээд ч чадахаа байвал ардчилал үгүй болж байна гэж ойлгоорой. Бас намын санхүүжилт. Ил тод байхгүй бод намууд нь гангууд болоод хүмүүсийн итгэл алдарч байна. Итгэл алдарвал ардчилал мухардалд орно.

Монголчууд тооны цөөнийг технологиор нөхнө гэж чи сая хэллээ. Түүнтэй чинь санал нийлнэ. Энэ талаараа бол бидний санаа бодол ижил юм байна. Технологи том жижиг бүх улс үндэстэнд хэрэгтэй. Технологитой бол хүчтэй байна. Ардчиллын хамтын шийдэл гаргахдаа ч үүнийг ашиглана.

Бидний үе хийх ажлаа хийсэн. Дарангуйллын нүсэр тогтолцоог нураасан. Гэвч тэр нь дахин өндийх магадлалтай байна. Одоо бүгдээрээ толгойгоо ажиллуулж, шийдэл хайх хэрэгтэй байна. Хамгийн гол нь тус тусдаа биш хамтдаа! Үүнийг залуу үеийн улстөрчид та нар анхаарч яваарай" гэв.

ШИНЭ МЭДЭЭ