
20 минутад ажлаа амжуулдаг жишиг хот буюу "Сэлбэ дэд төв"-ийн бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн
Утаа, замын түгжрэл, орчны бохирдол, машины зогсоол... гээд бичвэл Улаанбаатар хотын асуудлууд хэдэн хуудас ч хөвөрч мэднэ. Хотын суурин иргэншилд дассан иргэд урт наслах үндэслэл бараг үгүй мэт. Стрессгүй, өвчин хуучид дарлуулахгүй амьдрахын тулд хөдөө орон нутаг руу шилжин суурьших уу, эсвэл хилийн дээс алхах уу гэсэн бодол нийслэлийн хэчнээн иргэний толгойд уяатай явж байдаг бол.
Энэ цаг үед Монгол Улсын Засгийн Газар "20 минутын хот" бодлогыг санаачилж, олон ажлыг төлөвлөөд байна. 20 минутын дотор зорьсон газартаа хүрч үйлчилгээгээ авдаг, ажил гэрийн хооронд зорьчдог, хүүхдүүдээ цэцэрлэг сургуулиас нь авчихдаг, дэлгүүр хоршоо хажууханд ийм тааламжтай амьдралын нөхцөлийг бий болгохын тулд гэр хорооллын бүсэд нийгмийн болон инженерийн дэд бүтцийг цогцоор нь шийдсэн хот доторх хот буюу Дэд төв бүтээн байгуулалтын ажил Сэлбэ дэд төвийн орон сууцжуулалтаар эхлээд байна. Төлөвлөгөөний дагуу 9 жилийн хугацаанд 3 үе шаттайгаар 6 дэд төв сүндэрлэн босох нь.
Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах Ажлын явц
Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий Шуурхай штабын VIII хуралдаан 3 дугаар сарын 22-ны өдөр болж Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт болон уг дэд төвийг түшиглэн орон сууцжуулах ажлын төлөвлөлтийг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар танилцууллаа. Сэлбэ дэд төв нь Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд нийт 156 га газрыг хамруулна.
- Өнөөдрийн байдлаар Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн ажил 68.8 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд 1300 орчим нэгж талбарын газар чөлөөлөлтийн дараах цэвэрлэгээг хийгээд байна.
Сэлбэ дэд төвийн хүрээнд нийт 158 га газрын 2206 нэгж талбарыг чөлөөлөх ажлыг хийж байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн газар чөлөөлөлтийн үр дүнд тухайн бүсийн агаарын бохирдол 22.1 хувиар буурсан гэсэн эерэг үзүүлэлт гарсан.
- Орон сууцжуулах ажлыг 4 багц болгон хуваасан. Үүнээс эхний 1, 2-р багцын ажлын тендерийг зарлаад байна. Харин ирэх 7 хоногт 3, 4-р багцын тендерийг зарлахаар төлөвлөсөн.
Сэлбэ төвд 13 том бүтээн байгуулалт бий болно
- - 6.7 км АВТО ЗАМ
- - 5.3 км ЦАХИЛГААН ХОЛБОО
- - 9.97 км ДУЛААН ХАНГАМЖ
- - 19.78 км УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГА
- - 2.4 км ҮЕРИЙН ХАМГААЛЛЫН ДАЛАН СУВАГ
- - 3.01 га ТОХИЖИЛТ
- - 150, 240 ХҮҮХДИЙН ХОЁР ЦЭЦЭРЛЭГ
- - 1000 м3 УСАН САН
- - 24 м, 30 м, 60 м ГУРВАН ГҮҮР
- - ДУЛААНЫ СТАНЦ
- - МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ ТӨВ
- - БИЗНЕС ИНКУБАТОР, СУРГАЛТЫН ТӨВ
- - ДЭД СТАНЦ
ХОТЫН ЗАХАД ХОТЫН ТӨВД МЭТ АМЬДАРНА
Хотын агаарын урсгалын дээр байрладаг гэр хорооллын бүсэд инженерийн дэд бүтцийг бий болгосноор Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ гэсэн урьдчилсан прогноз биеллээ олж Сэлбэ дэд бүтцийн газар чөлөөлөлтийн үр дүнд л гэхэд агаарын бохирдол 20-оод хувиар буурсан нь энэ төслийн үйл явцад хурдасгах хүч өгсөн үр дүн бүхий үзүүлэлт байлаа. Мөн цаашид үйлдвэр, худалдаа, үйлчилгээний шинэ боломжууд нээгдэн хүрээгээ тэлж, хотын захаас хотын төв рүү зорчих хэрэгцээ шаардлага багасч, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүд шинэ санал, санаачлага гарган үйл ажиллагаагаа тэлснээр байнгын ажлын байр бий болж, зах зээлийн боломж өргөнөөр нээгдэх нөхцөл бүрдэнэ. Мэдээж төрийн нийгмийн үйлчилгээ хүртээмжтэй байх зарчмын дагуу хүнээ дагаад бий болно. Эрүүл агаарт, нийслэлийн иргэний хувьд бүх үйлчилгээндээ ойр тав тухтай, аюулгүй, цэвэр орчинд амьдрах оновчтой шийдэл бүхий дэд төвүүд байгуулах ажил ийнхүү амжилттай эхэллээ.