МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Гурилыг импортын албан татвараас чөлөөлснийг болиулах хуулийн төсөл Төсвийн байнгын хороогоор дэмжигдлээ
2025.04.23
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Гурилыг импортын албан татвараас чөлөөлснийг болиулах хуулийн төсөл Төсвийн байнгын хороогоор дэмжигдлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.04.23/ хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн  хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байж, өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулах зорилгоор Монгол Улсын Их Хурал 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг эцэслэн баталсан. Гаалийн албан татвараас чөлөөлөх, мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт, улаанбуудайн гурил, улаанбуудайн жагсаалтыг Засгийн газрын 180 дугаар тогтоолоор мөн баталсан. Энэ хүрээнд улаанбуудайн дээд болон I зэргийн гурил, есөн нэр төрлийн мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийг гаалийн албан татвараас чөлөөлсөн. Хуулийн хэрэгжилтийн хүрээнд гурилын импортын гаалийн албан татварыг чөлөөлсөнтэй холбоотойгоор хилийн боомтуудаар орж ирж байгаа гурилын хэмжээ эрс нэмэгдэж, жилийн эцсийн байдлаар 64.2 мянган тонн улаан буудайн гурил буюу Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтоор 35.9 мянган тонн, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор 14.1 мянган тонн, Увс аймгийн Боршоо боомтоор 10.3 мянган тонн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт, Завхан аймгийн Арц, суварга боомтоор 3.9 мянган тонн улаан буудайн гурилыг ОХУ-аас импортолсон байна. Мөн 2025 он гарсаар эхний 4 дүгээр сарын байдлаар нийт 17.1 мянган тонн улаан буудайн дээд болон I гурил импортлоод байгааг онцлон тэмдэглэв. 

Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтыг эрсдэл багатай даван туулахад шаардлагатай мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт 2024 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 65.2 мянган тонн буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэг дахин их тэжээл импортолсон байна. Энэхүү нөхцөл байдал нь стратегийн хүнс болох улаанбуудайн болон гурилын үйлдвэрлэл нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч талуудын үйл ажиллагааг тогтворгүй болгож, тэдгээрт хийсэн хөрөнгө оруулалтын үр өгөөж үнэгүйдэх зэрэг эдийн засаг, нийгмийн олон сөрөг нөлөөг дагуулж болзошгүй байна. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байдлыг хангах, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор мал амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөхөөр баталсан хууль нэгэнт зорилгодоо хүрсэн гэж  төсөл санаачлагчид үзжээ. Иймд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг боловсруулсан гэж байлаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Ж.Ганбаатар, Б.Баярбаатар, Д.Батлут, Р.Батболд, Д.Батбаяр, Г.Ганбаатар, П.Ганзориг нар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ цаашдаа төрийн  дэмжлэггүй л бол үйлдвэрлэл нь доголддог байдал руу дотоодын гурилын аж ахуйн нэгжүүд шилжих вий гэсэн болгоомжлол буйг анхааруулсан. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар иргэдэд сонголт үлдээхгүй, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих үүднээс дотоодын үйлдвэрийн үнэтэй гурил хэрэглэх тулгалтыг өгч буй шалтгааныг лавлахын зэрэгцээ хуулийг хүчингүй болгосноор лабораторийн тулгамдсан асуудал, холбогдох хууль эрх зүйн орчны бодлогын зохицуулалтаа хийгээд цэгцэрсэн гэж үзэж буйг тодруулж байлаа. Мөн гишүүд 2024 онд дээрх хууль хэрэгжсэнээс хойших бодит байдлын өөрчлөлт болон уг хуулийн төслийг баталснаар гурилын үнэ нэмэгдэхгүй байх баталгаа бий эсэхийг илүүтэй сонирхож байлаа.   

Салбарын сайд Ж.Энхбаяр хариултдаа, өмнө алтан тариан I гурил нэг килограмм нь 1630 байсан бол өнөөдөр 1500 төгрөг, улаанбаатар I гурил 2100 төгрөг байсан бол 2050, өег гурил 1740 байсан бол 1640 төгрөг гээд гол аж ахуйн нэгжүүдийн гурилын дундаж үнэ 2024 оны 5 дугаар сард 1802 байснаа 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 1838 төгрөг буюу I гурил 9.1 хувиар буурсан үр дүнтэй байнсыг дурдав. Мөн тэрбээр өнгөрсөн жилийн намрын ургац болон импортын гурил нэмэгдсэнтэй холбоотойгоор гурилын үнэ бууж болох нийлүүлэлтийн түвшинд хүрч, тогтвортой байдал хангагдсан тул энэ жилийн намрын ургац хураалт хүртэл улаанбуудай болон гурилын нийлүүлэлтэд доголдол үүсэхгүй. Гэхдээ дээрх үзүүлэлт үйлдвэрийн үнэ бөгөөд  бүсээс хамаарч гурилын тээвэрлэлттэй холбоотойгоор үнэ өөр байгаа төдийгүй, хүсний сүлжээ дэлгүүрүүдээр борлуулагдах үнэ 30-40 хувийн нэмэгдэлтэй байгаа гэж хариулав. 

Түүнчлэн тэрбээр “Ковид-19” цар тахлаас үүдсэн нөхцөл байдал, сургамжтай холбоотойгоор “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд иргэдийн хэрэглэж буй хүнсний 365 нэр төрлийн бүтээгдэхүүнээс Монгол Улс 19 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэхээр шийдвэрлэсэн.

Атрын III аян, Хүнсний хувьсгал зэрэг үндэсний хөтөлбөрийн үр дүнд улаанбуудайн үйлдвэрлэлийг дотооддоо 100 хувь хийж, эх орны гурилаар иргэдээ хангадаг болсон. Улаанбуудай 5-10 жилийн дараа ч тээрэмдэхэд гурил  болдог тул стратегийн бүтээгдэхүүнд тооцдог. Иймд дэлхийн улс орнууд аюулгүй байдлаа бодож улаанбуудайгаа нөөцөлдөг. Гэхдээ хуулийн төсөл батлагдсанаар улаанбуудайг хямдхан болгоно гэж хэлж чадахгүйг тэмдэглээд энэ асуудал хүнсний хангамж, үндэсний аюулгүй байдал, нийгэм улс төрийн томоохон ач холбогдолтой бөгөөд зөвхөн эдийн засгийн ашгийн талаас харах нь өрөөсгөл гэв.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Төр хүнс, хөдөө аж ахуйгаа дэмжиж буй гол шалтгаан гэвэл энэ нь хүн амын амьжиргааны гол салбар юм. Мөн  Монгол Улсын байгаль, цаг уурын нөхцөл байдалтай холбоотойгоор  газрын хөрсний бүтэц, агууламж өөр. Тиймээс дэлхийн хөдөө аж ахуй өндөр хөгжсөн улс оронтой харьцуулахад манай бүтээгдэхүүний нэгжээс авдаг хэмжээ бага. Иймд өрсөлдөх боломж хязгаарлагдмал тул төрийн бодлогоор дэмждэг юм хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Ингээд мэдүүлсэн  Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

ШИНЭ МЭДЭЭ