
“БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ БА ДАРААГИЙН БОДЛОГЫН ЧИГЛЭЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт ба дараагийн бодлогын чиглэл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Монгол Улсын Засгийн газраас 2018 онд батлан хэрэгжүүлж эхэлсэн “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр” нь иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль тогтоомжийн талаарх мэдээлэл, эрх зүйн боловсролыг олон нийтэд хүртээмжтэй хүргэх, эрх зүйн боловсролын тогтолцоог боловсронгуй болгож, цаашлаад төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд шинэлэг арга зүй нэвтрүүлсэн зэрэг олон эерэг өөрчлөлт, ахиц дэвшлийг бий болгож чадсан юм.
Тухайлбал, 2018-2023 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Хууль зүйн туслалцааны төв 34 салбартай болж өргөжин, 65 мянган иргэнд эрх зүйн туслалцааны чиглэлээр зөвлөгөө, үйлчилгээ үзүүллээ. Мөн хөтөлбөрийн хүрээнд 800 гаруй эрх зүйн сургагч багш, 2200 эрх зүйн хөтөч бэлтгэж, улмаар 260 мянга гаруй иргэнд танхимаар болон цахим сургалтыг зохион байгуулаад байна. Түүнчлэн Хууль зүйн үндэсний хүрээлэн болон төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран 400 орчим арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулан хэрэгжүүллээ.
Өнөөдрийн энэхүү хэлэлцүүлгийн ач холбогдол нь зөвхөн дээрх үр дүнг хэлэлцэж, дүгнэх төдий бус, цаашид бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, илүү боловсронгуй болгох, тэр дундаа иргэн бүрд хууль дээдлэх зарчмыг төлөвшүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн эрх зүйн томоохон баримт бичгийн суурь чиглэлийг тодорхойлох хүрээнд болж буйгаараа онцлогтой.
Хэлэлцүүлгээр “Хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн, хөндлөнгийн судалгааны санал зөвлөмж”, “Үндэсний хөтөлбөр орон нутагт амжилттай хэрэгжсэн туршлага”, “Эрх зүйн хөтөлбөрийн хэрэгжилт ба ололт сургамж”, “Бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлсэн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрүүдийн сайн туршлага”, “Бодлогын чиглэлд анхаарах зарим асуудал” сэдвийн хүрээнд холбогдох албаны хүмүүс илтгэл танилцуулан мэдээлэл хүргэж, бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн, цаашид үргэлжлүүлэх бодлогын чиглэлийг хэрхэн үр дүнтэй шийдвэрлэх, сайжруулах тал дээр үзэл бодлоо илэрхийлэн санал солилцсон юм. Мөн 21 аймгийн төлөөлөл Булган аймгаас “Орон нутагт хэрэгжсэн сайн туршлага” сэдвээр илтгэл тавилаа.